“САКУРА” оюутан солилцооны хөтөлбөрийн танилцуулах өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа 

Share Button

Япон Улсын Шинжлэх ухаан технологийн агентлагаас санхүүжилттэй “САКУРА” оюутан солилцооны хөтөлбөр 2014 оноос эхлэн хэрэгжиж одоогийн байдлаар 60 гаруй оюутан, багш уг хөтөлбөрт хамрагдсан байна.  

Энэ удаагийн “САКУРА” оюутан солилцооны хөтөлбөрт 2022 оны 12 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль болон Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуулийн бакалаврын болон ахисан түвшний 10 оюутан, багшийн хамт хамрагдаад ирлээ. МУИС-ийн Проф. О.Болормаа, Япон улсын Мияазакигийн Их Сургуулийн Проф. Коичиро Шиомори нарын хариуцан хэрэгжүүлж буй 6 дахь удаагийн хөтөлбөрт оролцсон оюутнууд хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оюутан залууст МУИС-ийн хичээлийн төв байрны дугуй зааланд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр танилцуулж өөрсдийн сэтгэгдлээ хуваалцсан юм.  

Тус хөтөлбөрөөр оюутнууд шинжлэх ухаан, соёлын хүрээнд хүрээлэн буй орчны хяналтын шинжилгээний лабораториуд, хаагдсан уурхайн усыг цэвэршүүлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, шинжлэх ухааны болон нүүрсний уурхайн музейгээр зочилсон. Мияазакигийн Их Сургуулийн профессорын лекцэнд хамрагдан мэдлэгийн хүрээгээ тэлсэн байна. Уг хөтөлбөрт Мьянмар Улсын Янгоны Их Сургуулийн оюутнууд хамтдаа хамрагдсанаараа онцлог байв. Мияазакигийн Их Сургууль болон МУИС-ийн хамтарсан оюутны эрдэм шинжилгээний хурал 10 дахь удаагаа Японд зохион байгуулагдаж Монгол, Япон, Мьянмар улсын 25 орчим оюутан илтгэлээ аман болон ханан байдлаар хэлэлцүүлсэн. 

Танилцуулах өдөрлөгийн үеэр хөтөлбөрт хамрагдсан оюутнууд илтгэл танилцуулж, өөрсдийн сэтгэгдэл, туршлагаасаа хуваалцсан байна. Хөтөлбөрийн үйл ажиллагаануудын үеэр татуулсан гэрэл зургууд, дэлгэн тавьсан танилцуулгаараа дамжуулан хүрэлцэн ирсэн оюутан залууст “САКУРА” хөтөлбөрийн тухай, түүнд хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Энэхүү хөтөлбөр нь хүрээлэн буй орчны судалгаа хийдэг бүх түвшний оюутан бүхэнд нээлттэй хөтөлбөр болохыг онцолж байв. 

Мөн хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Монгол Улсын Их Сургууль болон Мияазакигийн Их Сургуулийн харилцаа холбооны гүүр болж энэхүү программыг удаа дараа амжилттай хэрэгжүүлж буй проф О.Болормаа болон Коичиро Шиомори нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье хэмээсэн юм.  

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар