Япон Улсын Mitsubishi UFJ сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулалт боллоо

Share Button

Япон Улсын Mitsubishi UFJ сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр болж өнгөрлөө. Энэхүү тэтгэлэг нь хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд суралцагчдын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Тэтгэлгийг анх 2015 оноос өгч эхэлсэн бөгөөд түүнээс хойш тасралтгүй жил бүр олгож нийт 116 суралцагч тэтгэлэг хүртээд байна. 

 

Тус арга хэмжээнд МУИС-ийн талаас Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр, Оюутны хөгжлийн бодлогын газрын дарга В.Дашдаваа, Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч М.Эрдэнэчимэг, Оюутны хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Л.Чинзориг, тэтгэлэг олгогч талаас MUFG банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Казүёши Кикүчи, MUFG банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын менежер М.Мөнхзул нар оролцов. Хоёр талын удирдлагуудаас мэндчилгээ дэвшүүлж, суралцагчдад сурлагын өндөр амжилт хүсэн батламжийг гардуулж өгөв.  

Монгол Улсын Их Сургуулийн талаас доктор, профессор Г.Галбаяр тэтгэлэг олгогч талд болон суралцагчдадаа хандан мэндчилгээ дэвшүүлж: “Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Юуны түрүүнд Монгол, Япон хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд суралцагчдын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулан дэмжиж ажиллаж байгаа Япон улсын Mitsubishi UFJ сангийн хамт олонд болон MUFG банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын хамт олондоо баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Мөн 2022-2023 оны хичээлийн жилд уг тэтгэлгийн шалгуурыг хангаж тэнцсэн суралцагчдадаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье. Цаашдаа Япон улсын Mitsubishi UFJ сангийн тэтгэлэг үргэлжлүүлэн олгож байна гэдэгт итгэн найдаж байна. Тэтгэлэг олгогч талдаа санал хүсэлт болгох үүднээс Байгалийн ухааны суурь хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг түлхүү дэмжихийг анхаарч өгнө үү хэмээн хүсэж дахин баярлаж талархаж байгаагаа илэрхийлэв.”  

Тэтгэлэг олгогч талаас зочилж ирсэн ноён Казүёши Кикүчи суралцагчдад хандан хэлэхдээ: “Дэлхий даяар цар тахалтай хүнд хэцүү жилүүд болж өнгөрсөн ч урьдах зорилгоо марталгүй, өдөр тутамдаа хичээн зүтгэж амжилттай сайн суралцаж буй оюутан, суралцагчид та бүхэндээ баяр хүргэе. Энэ бол та бүхний нөр их хөдөлмөрийн үр шим юм шүү. Гэхдээ та бүхнийг өдөр тутамд чинь хайрлаж халамжилж, сурах бүхий л боломжит нөхцлийг бүрдүүлэхийг хичээж буй гэр бүл, ойр дотны болон эргэн тойрны хүмүүсийн хайр энэрэл, та бүхэнд гаргаж буй хичээл, зүтгэлд  талархах ёстойг үргэлж санаж яваасай гэж хүсч байна. Өнгөрсөн 2022 он нь Япон Монголын дипломат харилцаа үүсч хөгжсөний 50 жилийн ой байсан билээ. Та бүхэн улс эх орныхоо үнэт соёлыг дээдлэхийн зэрэгцээ, ирээдүйн хөгжил дэвшилийг хөтлөх чухал иргэд болно гэдэгт бид үргэлж итгэж явдаг билээ. Япон, Монгол хоёр улсыг холбох гүүр нь болж ирээдүйн 60, 70, 100 жилийн харилцааг улам бататгаж, өргөжүүлж явах чухал үүргийг үүрэх боловсон хүчин болоосой гэж ерөөн сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсч байна.” хэмээн хэлсэн юм. 

Энэхүү тэтгэлэг нь жил бүрийн  11 дүгээр сард зарлагдаж,  МУИС нь анхан шатны сонгон шалгаруулалтыг, эцсийн шатны шалгаруулалтыг Mitsubishi UFJ сан хийдэг. Шалгарсан суралцагчдын нэрсийг МУИС-д албан ёсоор ирүүлэн тэтгэлгийн санхүүжилт болох  6000$-ыг сургуулийн данс руу шилжүүлж, МУИС-ийн захирлын тушаалаар уг тэтгэлгийг СиСи систем дэх сургалтын төлбөрт олгодог билээ. 

Тэтгэлэг хүлээн авсан оюутнуудыг төлөөлж ОУХНУС-ийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч Баярсайхан овогтой Намуун талархлын үгээр мэндчилсэн юм.  

Тэрээр хэлэхдээ: “Сайн байцгаана уу. Эхлээд өөрийгөө танилцуулъя. Намайг Баярсайханы Намуун гэдэг. Би одоогоор Олон улсын харилцааны 3 дугаар түвшний оюутан. Юуны өмнө Япон Улсын “Мitsubishi UFJ сангийн нэрэмжит тэтгэлэг”-ийн шалгаруулалтад тэнцсэндээ маш их баярлаж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Анх тэтгэлэгт материалаа илгээхдээ өөрийн сурлага, хувийн амжилтын мэдээллийн хамтаар ирээдүйн зорилт, карьер төлөвлөлтийнхөө тухай эсээг англиар бичиж байсан. Миний хувьд өөрийн суралцдаг хөтөлбөр буюу олон улсын харилцааны салбараа ихэд сонирхдог, цаашид энэ салбараар дагнан олон төрлийн судалгаа шинжилгээ хийж мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй тул энэ тухай дэлгэрэнгүй бичиж явуулсан. Оюутнуудын хувьд идэвх чармайлт гаргаж, нийгмийн идэвх оролцоо, хувь хүний хөгжил дээр анхаарч, бусдыгаа манлайлсны гол шагналын нэг бол яалт ч үгүй тэтгэлэг гэж би хардаг. Тэтгэлэг авсан оюутан цаашид улам л урам зоригтойгоор, илүү их амжилт гаргахын төлөө тууштай хичээдэг. Mitsubishi UFJ сангийн тэтгэлгийн шалгуурыг давж, тэтгэлэг хүртэх болсон цөөн хэдэн оюутны нэг болсон нь надад ирээдүйд улам ихийг хийж бүтээх урмыг хайрлалаа. Тэтгэлэг олгогч Япон улсын MUFJ сан, мөн материалуудыг хянан шалгаруулсан ажлын хэсгийнхэнд ахин дахин баярласан талархсанаа илэрхийлье. Мөн тэтгэлэг хүртэж буй бусад 11 оюутандаа ч бас баяр хүргэж, амжилт хүсье.”  


Тэтгэлэгт тэнцсэн суралцагчид 

  Овог   Нэр   Сургууль  Хөтөлбөр  Түвшин 
1  Баярсайхан  Намуун  ОУХНУС  Олон улсын харилцаа  3 
2  Түвшинжаргал  Андир  ОУХНУС  Олон улсын харилцаа  3 
3  Сүхбаатар  Билэгт-Очир  ХЗС  Эрх зүй  3 
4  Батсүх  Бүжинлхам  ШУС-НУС  Сэтгэл судлал  3 
5  Хадбаатар  Баянмөнх  ОУХНУС  Төрийн удирдлага  4 
6  Ганболд  Отгонжаргал  ХЗС  Эрх зүй  3 
7  Эрдэнэзул  Энхзул  ХШУИС  Химийн инженерчлэл  3 
8  Хүрэлбаатар  Бямбажаргал  ОУХНУС  Олон улсын харилцаа  3 
9  Ганхуяг  Мөнхзаяа  ХШУИС  Мэдээллийн систем  4 
10  Идэржавхлан  Маргад-Эрдэнэ  ХЗС  Эрх зүй  3 
11  Алтанхуяг  Маралмаа  ХШУИС  Цөмийн инженерчлэл  3 
12  Төмөрхуяг  Болормаа  ШУС-БУС  Биохими  3 

Тэтгэлэгт тэнцсэн суралцагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар