Сургуулийнхаа асуудлыг өгөгдлөөр шийдэх хакатон боллоо

Share Button

Оюутнууд их сургуулийнхаа өмнө тулгарч буй асуудлыг дэвшүүлэх, шийдвэрлэх санал боловсруулах “Дижитал МУИС хакатон 2024” энэ сарын 11, 12-ны өдөр боллоо. Уралдаанд 11 хөтөлбөрийн 37 оюутан https://data.num.edu.mn порталд нийтлэгдсэн МУИС-ийн нээлттэй өгөгдлийг ашиглан шинэ апп, онлайн портал хөгжүүлэх санаа дэвшүүлж МУИС-ийн өмнө, тэр дундаа оюутнууд өөрсдийнхөө өмнө тулгарч буй асуудлыг шийдэхээр баг болж уралджээ. Ийнхүү шагналт байранд шалгарсан багуудын санаа, шийдлийг танилцуулъя.

DUSAL – Сургуулийнхаа орчныг сайжруулъя

Гутгаар байранд орсон “4BERH” баг суралцах анги танхимаас эхлээд ариун цэврийн өрөө хүртэлх сургуулийн орчинтой холбоотой гарч буй асуудлыг мэдэгдэж, нийтэлдэг, цаашлаад засаж сайжруулах шаардлагатай, нэн чухал асуудал дээр саналаа нэгтгэдэг онлайн портал аппын санааг хөгжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, амар тайван, тухтай орчинд суралцахын тулд оюутнууд нэгдэж өргөдөл гаргадаг, холбогдох нэгжид нь хүргүүлснээр сургуультайгаа хамтарч ажиллах санаа юм. Магадгүй, сургуулийн удирдлагын зүгээс хаана нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудал байгааг түргэн шуурхай олж мэдэх, оюутнуудын дунд хамгийн их тулгамдаж буй асуудлыг өөрсдөөс нь сонсох хэрэгтэй байдаг байх. Тэгвэл энэ санаа нь зөвхөн өргөдөл гомдол гаргаад өгөх орхих биш олны хүчээр асуудлаа олж илрүүлж, засаж сайжруулсны дараа эргэж мэдэгддэг тогтолцоо юм.

Энэ порталд оюутнууд МУИС-ийн и-мэйл хаягаар нэвтэрч асуудал оруулах, асуудалд нэгдэж санал өгөх боломжтой тул МУИС-ийн и-мэйл хаягтай хэн ч оролцож болно. Зөвхөн оюутнууд ч гэлтгүй, багш, ажилчид ч гэсэн ашиглах боломжтой. Тус санааг хэрэгжүүлэхэд ашигласан өгөгдөл нь байгууллагын бүтэц, өрөө, анги танхим зэрэг өгөгдлийн бүрдэлд бий.

SISi bot – Хувийн туслах

Дэд байр эзэлсэн “GDSC-NUM” багийнхан оюутнууд сургууль, суралцах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах түвэгтэй, олон шат дамжлагатай шилжиж хайдаг, хаанаас олохоо мэддэггүй асуудал байгааг танилцуулсан. Үүнд маш их цаг зарцуулдаг, залхмаар байдаг байна. Тэдний шийдэл нь элсэлт, хичээл, хөтөлбөрийн талаар хялбар тайлбарладаг, хичээл сонгох, хувийн төлөвлөгөө боловсруулахад нь зөвлөдөг, өөрт тохирсон дипломын ажлын сэдвээ олоход нь тусалдаг виртуал туслах чатботыг хиймэл оюуны GPT технологид түшиглэн бүтээх байв.

Mongolian GPT2, Mongolian LLAMA3-V0.1 зэрэг нээлттэй эхийн загваруудыг нэмж сурган асуултын хариултын чатботын демог танилцуулсан юм. Ингэхдээ хичээл, хичээлийн өмнөх болон залгамж хичээл, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө хичээлийн дүн гэх зэрэг өгөгдлийг хиймэл оюунд зориулж нэг сая гаруй асуулт-хариулт (prompt) бэлтгэсэн байна. Гэхдээ машины тооцооллын нөөц хүрэлцээгүй тул багахан хэмжээний өгөгдөлд сургаж бодитоор харуулсан.

Энэ мэтээр сүүлийн үед технологийн салбарт гарч байгаа ололт, шинэ технологийг бид сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа, цаашилбал хичээл сургалтад ч ашиглах боломжтой байна.

Study Spark – Лекцийн тэмдэглэлээ хуваалцаж хамтдаа суралцъя

Хакатонд түрүүлсэн “DataSpark” баг оюутнуудын суралцах үйл ажиллагааг дэмжих санаа дэвшүүлсэн юм. Оюутан бүр өөрийн гэсэн суралцах арга барилтай, өөр өөр аргаар лекцийн тэмдэглэлээ хөтөлдөг, мөн харилцан адилгүй ойлголт, мэдлэгийг тэмдэглэн авсан байдаг. Хамт нэг лекцэд суусан оюутнууд өөр хоорондын лекцийн тэмдэглэлээ солилцсоноор тэдэнд анзаараагүй орхисон эсвэл бусдын ойлгосон өнцгөөс эргэцүүлэх боломж бүрдэх юм.

Мөн тэд асуулт зохиож нэгнээ сорих боломжтой. Асуулт зохиох нь ч мөн сурах үйл явцын нэг хэсэг болох юм. Энэ аппын тусламжтайгаар сонирхсон хичээлээ хайж өөр оюутнуудын бичсэн лекцийн тэмдэглэл харах, өөрийн судалж байгаа хичээлээр лекцийн тэмдэглэлээ оруулж хөтлөх боломжтой юм.

Тэд демо аппаа https://hackum-hackaton.vercel.app/ хаяг дээр байршуулсан байна. МУИС-ийн нээлттэй өгөгдлөөс хичээл өгөгдлийн бүрдлийг ашиглажээ. Цаашилбал хичээлийн хуваарь өгөгдлийг ашиглан тухайн улиралд зааж буй хичээлийг багшаар нь ялгаж харуулах замаар өргөтгөж болохоор байна.

МУИС-ийн нээлттэй өгөгдөл: data.num.edu.mn

Монгол Улсын Их сургуул (МУИС)-ийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн каталог/портал юм. МУИС нь 2018 оноос өөрсдийн нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ порталаар дамжуулж албан ёсны эх сурвалжаас төрөл бүрийн өгөгдлийг олон нийтэд түгээж байна. Энэ санаачилгаар Монгол Улсад анх удаа дээд боловсролын байгууллага өөрсдийн үйл ажиллагааны талаарх өгөгдлийг нээж харуулсан сайн жишээ, түүчээ болж байна.

Нээлттэй өгөгдөл гэж “хэн ч чөлөөтэй ашиглаж, өөр зорилгоор хэрэглэж, дахин түгээж болдог, ихэвчлэн зохиогчийг заавал дурдах, ижил нөхцөлөөр дамжуулах лицензтэй цахим өгөгдөл” хэлдэг. Нээлттэй өгөгдлийг улс үндэстний хэмжээнд хөгжүүлснээр инновацийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангах, шинэ ажлын байр бий болгох, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох, үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Нээлттэй өгөгдлийг МУИС-ийн хэмжээнд хөгжүүлэхэд МУИС-ийн өгөгдлийг ашигласан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ (цахим эсвэл бусад), өгөгдөлд түшиглэн шийдвэр гаргах үйл ажиллагааг дэмжих, сургуулийн өмнө тулгамдсан асуудлыг бодитой тодорхойлох, сургуультай хамтран ажиллах түншлэлийг (бусад их дээд сургууль, төрийн байгууллага, бизнес хувийн хэвшил гэх мэт) сайжруулах гэх мэтчилэн маш олон ШИНЭ БОЛОМЖИЙГ НЭЭХ болно. Энэ хакатон нь энэ зорилгын хүрээнд зохион байгуулагдсан юм.

Энэ порталд машин унших CSV, JSON форматтай, нээлттэй өгөгдлийн гурван одны чанартай өгөгдлүүд бий. Хичээлийн жил, улирал улирлаар нийтэлсэн түүхэн өгөгдлөөс өнгөрсөнөөс одоог хүртэл юу яаж өөрчлөгдсөнийг харж болно. Нийтдээ 9 бүлгийн 30 өгөгдлийн бүрдэл бий. Түүнээс гадна МУИС-ийн сургалт удирдлагын СиСи, эрдэм шинжилгээний мэдээллийн менежментийн систем, төслийн мэдээллийн менежментийн системээс API-аар өгөгдлийг шууд татаж авч болно. Өөрөөр хэлбэл, яг одоо мэдээллийн системд байгаа өгөгдлийг одоогийн улирлын байдлаар бүхлээр татаж авч болно. Тэр байтугай 4, 5 одны чанартай холбоост нээлттэй өгөгдөл (linked open data) – мэдлэгийн граф хүртэл бий. Эдгээр өгөгдлийг төлбөргүй, чөлөөтэй хэрэглэх, бүр ашиг олох, худалдан борлуулах эрхтэйгээр хэрэглэж болно. Гэхдээ ганцхан нөхцөлтэй. Энэ нь МУИС-ийн нээлттэй өгөгдлийг ашигласан гэж эх сурвалжаа дурдах, хэрэв цааш нь дамжуулах, түгээх гэж байгаа бол ижил лицензээр, ижил нөхцлөөр өгөх юм.

Дижитал МУИС хакатон 2024 тэмцээн нь МУИС-ийн нээлттэй өгөгдлийг ашиглан юу хийх боломжтойг харуулах, цаашлаад энд дэвшүүлсэн санаагаа улам хөгжүүлж бодит хэрэглээнд нэвтрүүлэхийг дэмжсэн нэг арга хэмжээ юм. Үүнийг МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим, МУИС-ийн Машин оюуны лаборатори, Оюутны Хакум клуб хамтран гурав дахь удаагаа зохион байгууллаа. Өнгөрсөн жил 2023 онд Дижитал МУИС аппатон тэмцээнийг зохион байгуулж байсан бөгөөд энэ уралдаанаас гарсан bagsh.space портал нь оюутанд тулгардаг хичээл, багшаа сонгох болон хичээлийн хуваариа зохиох асуудлыг шийдэж олон оюутны талархалыг хүлээгээд байгаа билээ. Энэ порталыг хичээл сонгох үеэр өдөрт гурван мянга гаруй оюутан хэрэглэдэг болжээ.

Хэрэв Та МУИС-ийн багш, ажилтан, оюутан бол, таны ажил хөдөлмөрт өгөгдлийг ашиглах хэрэгцээ шаардлага гарч байгаа бол та data.num.edu.mn порталруу зочлоод сонирхоорой. Маш чанартай, хэрэглэхэд амар, дэлгэрэнгүй тайлбартай өгөгдөл бий. Үүнийг ашиглан энгийн тоо, тооцооноос эхлээд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ ч бүтээж болно. Заавал мэдээллийн технологийн бүтээгдэхүүн байх албагүй. Тайлан, хэвлэлийн мэдээнээс эхлээд зөвлөгөө, зөвлөх үйлчилгээг ч байж болно. Өөрсдийнхөө өмнө тулгамдаж буй асуудлыг хялбарчлах, шийдвэрлэх боломж байна.

Хэрэв Та МУИС-ийн хамтрагч, түнш, эсвэл МУИС-д сурах, ажиллах сонирхолтой бол МУИС-ийн талаар өөрийн сонирхсон зүйлсийг мэдэх боломжтой. Магадгүй CSV өгөгдлийг татаж авч Excel мэт програм дээр нээгээд өөрт хэрэгтэй мэдээллийг боловсруулж харах боломжтой юм шүү. Эцэг эх, элсэгчдэд аль сургууль, хөтөлбөрт элсэх, дотор нь ямар хичээлээр юу үзэж судалдаг, сургалт нь хэрхэн явагддаг, өмнөх жилүүдэд ЭЕШ-ын ямар оноогоор элссэн гэх зэрэг асуулт үргэлж байдаг. Үүний хариултыг ч гэсэн өгөгдлөөр харж болно.

Өгөгдөл бол шинэ зууны баялаг, шинэ зууны түүхий эд! Өгөгдлийн соёлоор түүчээлье!

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар