Хичээлийн 2-р байрны засварын талаар
Тус байрны засварыг АХБ-ны Дээд боловсролыг дэмжих төслийн хөрөнгө оруулалтаар хийхээр холбогдох байгууллага 2010 оны 2-р сард шийдвэрлэсэн. Уг засварын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлыг БСШУЯ-ны Төслийн ажлын албанаас хариуцан зохион байгуулсан.
Ингээд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу зургийн тендер 2-р сард зарлагдсан бөгөөд хуулийн дагуу нээлттэй тендерт санал ирүүлэх хугацаа 30 хоног, шалгаруулах хугацаа 28 хоног байдаг.
Засварын ажлын зураг төслийн эхний тендер шалгаруулалт амжилтгүй болсон тул 2 дахь удаагийн тендерийг 3 дугаар сард 30 хоногийн хугацаагаар зарлан шалгаруулалтыг 4 дүгээр сард явуулж засварын ажлын зургийн гэрээ байгуулсан.
7 дугаар сард засварын зургийг гүйцэтгэгчээс хүлээн авч дараа нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтад мөн 1 сар гаруй хугацаа оржээ. Эцсийн дүнд засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахад бараг 6 сарын хугацаа зарцуулсан байна.
Энэхүү худалдан авах ажиллагааг хууль журмын дагуу БСШУЯ зохион байгуулан явуулж “Синчи ойл” ХХК, “Боловсрол софт” ХХК гэсэн 2 аж ахуй нэгж өрсөлдсөнөөөс “Боловсрол софт” ХХК шалгаран ажил гүйцэтгэх гэрээг 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан.
Ингээд 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэрээгээ танилцуулан 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс ажиллаж эхэлсэн.
МУИС-ийн зүгээс удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд засварын ажлыг одоо гүйцэтгэж дууссан учир хүлээн авах хүлээлцэх хяналт шалгалтын мөрөөр хийгдсэн ажлын гүйцэтгэлийг дүгнэх ажил явагдаж байна.
Автомашин худалдан авсан талаар
2010 онд МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар захиргааны хэрэгцээнд байгаа зарим автомашинуудыг актлуулах, шинэчлэх талаар хэлэлцсэний дагуу Төрийн өмчийн хороонд хандсан билээ. Төрийн өмчийн хорооны 2010 оны 291 дүгээр тогтоолоор МУИС-ийн захиргаа үйлчилгээнд ашиглаж байсан 3 суудлын автомашиныг актлан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гарсан бөгөөд 2011 он гараад тогтоолд заасан автомашинуудыг үйлчилгээнд явуулах ёсгүй гэсэн шаардлагыг ТӨХ-ноос удаа дараа тавьж байсан тул шинэ авто машин худалдан авах шаардлага гарсан.
МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10/01 тогтоолоор батлагдсан тээврийн хэрэгсэл худалдаж авах 70 сая төгрөгийн төсвийн хүрээнд 2011 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн автомашин худалдан авах үнэлгээний хэсгийн хурлаар “Кибо” ХХК, “Гүзээн тээл” ХХК, “Зэт эс си” ХХК- уудын автомашин худалдах үнийн санал болон БНСУ-ын зах зээлийн үнийг зэрэгцүүлж үзээд үйлдвэрлэгч орны зах зээлээс шууд худалдан авах нь илүү чанартай, оновчтой байна гэж үзсэн.
Энэ үндсэн дээр БСШУЯ, Төрийн өмчийн хорооноос зөвшөөрсөн автомашины марк, тоо хэмжээ, үнийн хязгаарт Hyundai n20 маркын автомашин 2, starex маркийн микроавтобус 1-ийг 69,0 сая төгрөгөөр худалдан авсан.
ХҮХ