ЭМГЭНЭЛ
ДАВААГИЙН ЦОЛМОН
(1938-2018)
МУИС-ийн багш, профессор, доктор Даваагийн Цолмон 2018 оны 2 сарын 10 –ны өдөр өвчний улмаас таалал төгсч, МУИС-ийн ОУХНУС-ийн хамт олон бидэнд нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Бидний хайртай багш, хүндэт профессор, эрдэмтэн Даваагийн Цолмон эрхэлсэн ажилдаа чин үнэнч, шулуун шудрага, хөдөлмөрч, зарчимч байж, ОУХС-ийг үүсгэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тэргүүний багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн байлаа.
Д. Цолмон 1938 оны 5 сарын шинийн 4 –нд өнөөгийн Говь-Алтай аймгийн Чандмань сумын 5-р багийн нутагт Бурхантын салаа хэмээх газар айлын 5 дахь хүү болон мэндэлжээ.
Сум, аймгийн дунд сургуулийг дүүргэж, МУИС-д элсэн суралцаж байгаад Москвагийн Олон улсын харилцааны Их сургуулийг 1967 онд суралцаж төгсчээ.
Сургуулиа төгч ирээд ГХЯ-ны 2 дугаар хэлтэст референтээр ажиллах болсноор түүний дипломат ажлын гараа эхэлж, улмаар Монгол Улсаас Кубад суугаа ЭСЯ-нд 1 дүгээр нарийн бичгийн дарга, ГХЯ-ны Европ, Америкийн хэлтэст орлогч эрхлэгч, Болгарт суугаа ЭСЯ-д зөвлөх зэрэг алба хашиж байв.
Д.Цолмон нам, төрийн хариуцлагатай ажлыг хашиж явсан нам, төрийн зүтгэлтэн байв. Тэрбээр МАХН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтэст намуудын харилцааны асуудал эрхэлсэн зааварлагч, МХЗЭ-ийн Төв Хороонд нарийн бичгийн дарга, МАХН-ын Төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгчээр ажиллаж байв.
Тэрээр БНМАУ-ын Ардын Их хурлын депутатаар 8 жил, Монголын парламентын бүлгэмийн нарийн бичгийн дарга, ОУ-ын Парламентын холбооны гишүүн байж Монгол улсын гадаад харилцааны үйл хэрэгт хүчин зүтгэж байв.
Д.Цолмон Москвагийн Нийгмийн ухааны академид эрдмийн зэрэг /Ph.D./ хамгаалж, 1980-аад оны сүүлчээс эрдэм судлалын ажилд хүч хөдөлмөрөө зориулж, Үндэсний түүхийн музейн захирлаар, ОУ-ын Монгол судлалын холбоонд ШУ-ны хамтын ажиллагааны хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байв.
Д.Цолмон МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийн анхны Олон улсын харилцааны тэнхмийн багш нарын нэг бөгөөд 1995 оноос 2013 он хүртэл тасралтгүй хориод жил ажиллаж олон арван шавь нарыг төрүүлсэн манай тэргүүний эрдэмтэн, профессор хүн байв.
Олон улсын харилцааны мэрэгжилтэн, доктор, профессор Д. Цолмон нь “АНУ-н түүх” (1999-2000), “АНУ-н Үндсэн хууль” (2001), “ХХ зууны дэлхийн түүх” (2002), “Дэлхийн Монгол судлал” (1992), ”Дипломат ёс горим, ёслол, баримт бичиг” (2003, 2006), “АНУ-ын гадаад бодлогын түүх, дипломат ажиллагаа” (2005), “Гадаад бодлого, дипломат ажиллагаа, дипломат албаны үндэс” (2009), “Туулсан замын түүхэн сургамж” (2010), “Эх оронч дипломат” (2010), “Зарим улс үндэстний түүх, соёл, сэтгэлгээний онцлог” (2014) зэрэг номууд, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, мөн түүний орчуулсан “АНУ-ын Үндсэн хууль”, “Тусгаар Тогтнолын Тунхаглал (1776)” зэрэг бүтээл нь Монгол улсын олон улсын харилцааны сургалт, судалгаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан болно.
Д.Цолмон МУИС-ийн ОУХС-д ажиллах хугацаандаа ОУХ-ны мэргэжлийн анхны сурах бичгүүдийг бичиж, гарын авлага, хөтөлбөр боловсруулахад болон сургуулийн эрдэм судлалын ажилд идэвхитэй оролцож, олон зуун шавь нарыг төрүүлж, олон арван магистр, докторын ажил удирдаж, хамгаалуулж төгсгөсөн гавьяат багш, эрдэмтэн байсан билээ.
Түүний сургалт, эрдмийн ажлыг өндрөөр үнэлж “МУИС-ийн шагнал”, “МУИС-ийн өргөмжлөл”, “ОУХС-н тэргүүний багш”, “МУИС-ийн тэргүүний сурган хүмүүжүүлэгч багш”-аар өргөмжлөн шагнасан байна. Мөн олон жилийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж Ардын Хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн хүндэт медаль, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол, “Алтан гадас“ одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”- гоор тус тус шагнажээ.
Д.Цолмон нь Монгол улсад төдийгүй олон улсад нэрд гарсан, хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн судлаач, нийгмийн зүтгэлтэн байсныг нь үнэлж 1974 онд Дэлхийн энх тайвны медаль, 1995 онд Монгол улсаас анх удаа уригдан АНУ-д Фулбрайтын зочин профессороор ажиллаж, 2002 онд Японы Кирияма сангийн шагналаар шагнуулж байв. Тэрээр Олон улсын Америк судлалын холбооны гишүүн, Америк, Канад судлалын нийгэмлэгийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байв.
Эрхэм таны үнэнч шударга, хөдөлмөрч хичээнгүй гэгээн дүр, таны эрдэм мэдлэг, туурвисан олон бүтээл, эх орон, залуу үеээ гэсэн чин сэтгэл бидний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай.
МУИС-ийн ОУХНУС-ийн хамт олон