Электроникийн инженер хөтөлбөрийн төгсөх ангийн оюутнууд Стартап клубын оюутнуудад дипломынхоо ажлын талаар танилцуулга хийлээ

Share Button

МУИС-ийн ХШУИС-ийн Электроникийн инженер хөтөлбөр нь макро орчны өөрчлөлтийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээл болон аж үйлдвэрийн 4-р хувьсгалын нөлөөллийг харгалзан хөтөлбөрийн суралцахуйн үр дүн, төгсөгчдийн онцлог шинжид харилцааны болон энтерпренёр чадварыг онцлон тусгасан. Монгол Улсад электроникийн үйлдвэрлэл хөгжөөгүй түүнчлэн электроникийн инженер хөтөлбөрийн төгсөгчид суурь мэдлэг, хөрвөх чадвар сайтай байдгаас төгсөгчдийн багагүй хувь нь шинэ бизнес эхлүүлж ажил олгогч болсон байдаг онцлогтой.

Салбар дундын хамтын ажиллагаа, инновацыг дэмжих чиг хандлагыг харгалзан энэ жил электроникийн инженер хөтөлбөрөөр төгсөхөөр бакалаврын дипломын ажил гүйцэтгэж буй оюутнууд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Стартап клубын оюутнуудад өөрсдийн ажлын тухай танилцуулж бизнес болох боломжийн талаар санал солилцлоо.

Электроникийн инженер хөтөлбөрийн төгсөгчид “Гурван хэмжээст нийлмэл дүрсэн дэлгэц”, Рубик шоо таних болон эвлүүлэх систем”, “Ашигласан шил буцаах автомат”, “Гэрийн ухаалаг удирдлагын сургалтын систем”, “Ядралтыг таних систем”, “pH мэдрэгч ашиглан хоол хүнсний хүчиллэг шүлтлэгийг тодорхойлох”, “Хараагүй иргэдэд зориулсан брайл үсэг унших төхөөрөмж” зэрэг сонирхолтой ажлуудыг танилцууллаа.

Уг арга хэмжээгээр электроникийн инженер хөтөлбөрийн оюутнууд гүйцэтгэсэн ажлаа бизнесийнхэн хэрхэн танилцуулах, бизнесийн зүгээс хэрхэн хандаж хөгжүүлэх талаар суралцсан бол бизнесийн сургуулийн оюутнууд электроникийн инженер хөтөлбөрийн оюутнууд ямар судалгаа хийн бүтээл хөгжүүлдэг, бизнес болох ямар шинэ санаа, бүтээл төрөх боломжтой, хэрхэн хамтран ажиллах бололцоо байгаа талаар мэдээлэлтэй боллоо.

Цаашид энэхүү арга хэмжээг электроникийн инженер хөтөлбөрийн багш нар, бизнесийн сургуулийн стартап клубтэй хамтран тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.