Монгол Улсын Их Сургууль Монголбанктай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Share Button
Монгол Улсын Их Сургууль Монголбанкны эдийн засаг, санхүүгийн чиглэлийн судалгаа, сургалтыг дэмжих “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хөтөлбөр нь эдийн засаг, санхүүгийн чиглэлээр судалгааны магистрын түвшинд суралцаж буй оюутнуудын судалгааны чанарыг сайжруулах, Монголбанкны болон хөндлөнгийн судлаачдын хамтын ажиллагааг ахиулах, судлаачдын бүтээлийг олон нийтэд түгээх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой юм.
Талууд гэрээний хүрээнд “Монголбанкны Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг”-ийг судалгааны магистрт суралцах нийт 10 оюутанд олгох бөгөөд эдийн засаг болон санхүүгийн чиглэлээр бүтэн цагаар суралцаж, судалгаа хийх нөхцөлөөр хангагдана. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Монголбанк, МУИС хамтран хийж, шилдэг оюутнуудыг хамруулахаар зорьж байна.
Хамтын ажиллагааны гэрээний дагуу МУИС-ийн санхүү, эдийн засгийн чиглэлийн багш, судлаачид хамтарсан судалгаа, хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулан өргөн хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд хөндлөнгийн болон хамтарсан судалгаануудын үр дүнг хэлэлцэх, бодлогод тусгах хамтын ажиллагааны суурь платформыг бий болгох ач холбогдолтой. Мөн олон нийтэд судлаачдын байр суурь, судалгааны үр дүнг хүргэхэд дэмжлэг үзүүлэх болно.