МУИС-ийн ахлах багш Д.Оюунцэцэг: 800 багшид хэдхэн хүний хариуцлагагүй үйлдлийг нялзаах нь үнэхээр зохимжгүй

Share Button

Цахим сургалт ба багш нарын байр суурь

МУИС-ийн багш нартай цахим сургалтын талаарх байр суурь, цахим сургалтын давуу болон хүндрэлтэй талууд, учирч буй бодит бэрхшээлүүдийн талаар ярилцаж цувралаар хүргэж байна.

— — — — — — — — — — — — — — — — — — —

МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Социологи, нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш Д.Оюунцэцэгтэй ярилцлаа.

Энэ хичээлийн жилд та хэчнээн оюутанд хичээл орж байна? Сүүлийн үед оюутнууд маань цахим сургалт чанаргүй байна гэхчилэн ярих боллоо?

Чанартай, чанаргүй гэдгээс үүдэлтэй оюутнууд маань тодорхой эсэргүүцэл үзүүлж байгаа энэ үзэгдлийг хоёр талаас нь харж социологич хүнийхээ хувьд тайлбараа хийе. МУИС чанартай боловсрол олгодог уу? МУИС-ийн сургалт чанартай юу, чанаргүй юу гэдгийг Монголын ард түмэн мэддэг. Энэ сургуулийн төгсөгч нар өнөөдөр шийдвэр гаргах түвшинд олноороо ажилладгийг хэн ч үгүйсгэхгүй. Би ч энэ л жишгийг дагаж, МУИС-ийг Социологич мэргэжлээр, дараа нь Австралийн Засгийн газрын тэтгэлгээр Австралийн топ сургуулийн нэг болох Мелбурны их сургуульд Нийгмийн эрүүл мэндийн магистр хамгаалаад, одоо МУИС-даа багшилж байна. МУИС-ийн 800 орчим багш нарын зөвхөн нэг нь л би гэж бодохоор МУИС бол Монголын эрдмийн уурхай “Оюу Толгой” нь гээд хэлчихэд буруудахгүй байх.

Би 2020 оны намрын улиралд Academic writing skills, Нийгмийн эрүүл мэнд, Олон нийтийн санаа бодлын социологи, Хэвлэл мэдээллийн социологи гэсэн 4 хичээлийг 240 гаруй оюутанд орсон байна. Цахимаар орох болсон цагаас нь танхимаар орж байсан хичээлийнхээ хуваариар тэр цаг дээр нь ZOOM, TEAMS-ээр шууд нүүрээ хараад л танхимаар ордог шигээ л ороод явсан. Хичээл таслах биш хичээлийнхээ цагийг хүүхдүүдийнхээ нөхцөл байдалтай уялдуулан хичээлээ 1 цаг 30 минут биш, 3-4 цагаар сунган орж байлаа. Учир нь оюутнууд өөрийн хийсэн ажлаа танилцуулахад техникийн саатал гарах тохиолдлуудаас үүдэн цаг сунгахаас өөр аргагүй болдог. Ялангуяа 1, 2-р түвшний суурийн хичээл болох Academic Writing Skills хичээл дээр ийм тохиолдол олон гарсан. Энэ хичээлийн агуулгаар хичээллэсэн оюутнууд Японы, Унгарын ОХУ-ын тэтгэлэгт тухайн хичээл дээр хийж байсан эсээ, судалгааны ажлуудаараа тэнцэж байгаад урамшин Academic Writing Skills номыг гарган, хичээлдээ ашиглаж, англи хэл дээр хичээлээ орж байна. Өөрөөр хэлбэл Academic Writing skills хичээлийг сонгож 300 орчим мянган төгрөг төлөөд 100-150 сая төгрөгийн сургалтын тэтгэлгийг МУИС-д сурч байхдаа хүртэж байгаа оюутнууд байгаа нь МУИС-ийн хичээлийн агуулга, багшлах боловсон хүчин дэлхийн хэмжээний боловсролыг өгч байгаагийн илрэл гэж үзэж байна. Дахиад хэлэхэд би бол 800 мундаг багш нарын ганцхан төлөөлөл, манай багш нарт ийм хүмүүс маш олон байгаа.

Чанаргүй гэж үзэж, төлбөр хөнгөлөхтэй холбоотой асуудлууд тавьж байгаагийн  эргэн тойронд дараах асуудлуудыг МУИС-ийн удирдлага багш нар, оюутнууд маань ч гэсэн эргэцүүлээсэй гэж хүсэж байна.

  • Би багш хүнийхээ хувьд, өөрийнхөө гаргаж байгаа хөдөлмөртэй харьцуулахад 1.700.000-аад төгрөгийн сарын цалин, өнөөдрийн оюутнуудын төлж байгаа төлбөр болох 3 сая орчим төгрөг бол МУИС-ийн хувьд үнэхээр чамлалттай төлбөр гэж хатуу хэлнэ. Нэг жишээ хэлье. Өнөөдөр хувийн сургуулиуд Жишээ нь: Хобби бага ангийн бэлтгэл бүлэгт 2 сар гаруйхан хугацаанд хичээллэхэд зориулж 3 сая төгрөг авч байна. Тэгэхээр Монгол Улс МУИС-аа төрийн сургууль хэвээр нь хадгалж, олон залуусд боломж олгохыг хүсэж байвал, төр МУИС-ийн төлбөрийг хөнгөлөх биш харин ч олон залуусд тэтгэлэг олгодог, МУИС-ийн удирдлагыг үр дүнд суурилан ажиллахыг шаарддаг бодлого явуулах нь зүйтэй.
  • Нөгөө талаас МУИС-д зөвхөн Ковидтой холбоотой ч биш сургалтыг сайжруулах, багш нараа үнэлэхдээ үр дүнд суурилан үнэлдэг болохтой холбоотой асуудал байгаа юу гэвэл байгаа. Дэлхийн жишиг бүхий сургуулиудад оюутны үнэлгээг нэг семестрийн туршид 2 удаа авдаг. Сургалтын алба нь хичээлд суугаагүй оюутнуудын үнэлгээ өгөх эрхийг нь хязгаарладаг, семестрийн төгсгөлд оюутнуудаас санамсаргүй байдлаар ярилцлага авч тухайн хичээлийн талаарх чанарын судалгааг хийдэг гээд сургууль нь оюутанд үйлчилж байгаа байгууллага болох үүднээс бүх л талаараа оюутнуудыг чанартай сургахад багшийн үүрэг хамгийн чухлыг мэдэрч ажилладаг. Цаашлаад дараагийн семестрт энэ багшийн цалин хэд байх, үргэлжлүүлэн ажиллах эсэхийг нь тэр хүний эрдмийн зэрэг цолоос үл хамааран тогтоодог. Энэ бол кредит систем гэдгийг олон жилээр хөгжүүлсэн нөгөө л дэлхийн сургуулиудын тогтолцооны нэг хэсэг. Яг энэ тогтолцоо МУИС-д өнөөдөр үгүйлэгдэж байгааг, тэр тусмаа кредит системийн агуулгыг хөгжүүлэхэд, багш нарын үнэлгээг үр дүнд суурилан цалинтай нь холбож өгөх шаардлага байгааг МУИС ухаарч, эргэлт хийх болсныг сануулж байна.
  • Эцэст нь хэлэхэд оюутнууд маань чанаргүй байна, төлбөр хөнгөлөх хэрэгтэй гэдэг үндэслэлээ маш тодорхой гаргах хэрэгтэй. Тухайлбал МУИС-ийн нийт 800 багшийн тухайд энэ асуудлыг хөндөж тавьж байна уу? эсвэл тодорхой хичээлүүд, багш нартай холбоотой юу гэдгээ нэг бүрчлэн гаргаж өгөх хэрэгтэй. Оюутнуудын төлбөрөө хөнгөлүүлэх тухай үндэслэлд семестрийн турш хоёрхон файл явуулсан, 20 минутын зөвхөн аудио бичлэг шидчихдэг, хэзээ ч хамаагүй даалгавраа явуулдаг, ямар ч эргэх холбоо байхгүй хэдэн слайд явуулдаг гэх мэтчилэн шүүмжлэлтэй хандсаныг нэг бүрчлэн гаргах хэрэгтэй. Ингэснээр МУИС ч цаашдаа авах арга хэмжээндээ үр дүнд суурилсан байдлаар үнэлж дүгнэх, үнэхээр судлагдаагүй, хичээлээ ороогүй, оромдоод өнгөрсөн гэсэн гомдлуудын ард хэн байгааг МУИС-ийн оюутны холбоо гаргаж холбогдох хүмүүсд хариуцлага хүлээлгэж ажиллахад хамтран ажиллах нь чухал байх. Түүнээс биш 800 багшид хэдхэн хүний хариуцлагагүй үйлдлийг нялзаах нь үнэхээр зохимжгүй хэмээн социологич хүнийхээ үүднээс дүгнэж байна.

Цахим хичээлийн үед таны хичээлийн хувьд бэрхшээл гарч байна уу?

-Цахим хичээл эхлэхээс өмнө миний хичээлийг сонгосон нийт оюутнууддаа хичээлийн явцад техникийн саатал гарч болзошгүй тухай анхааруулж хэлсэн. Мэдээж цахим сургалт бол танхимын сургалт шиг амттай байхгүй нь тодорхой. Танхимын сургалтын үед хичээлд урьж оролцуулах боломж гардаггүй, нэр хүндтэй зочдыг цахим сургалтын үед тун ч хялбар, цахимаар урьж оюутнууддаа үнэтэй зөвлөгөө, мэдээлэл авч байгаа нь давуу тал. Дутагдалтай талын хувьд оюутнууд компьютер байхгүй, гар утсаар хичээлээ хийдэг, интернэт хангалтгүй, техник, технологийг бүрэн эзэмшээгүйгээс болоод хүндрэлүүд үүсч байсан. Гэхдээ энэ цаг үед бид цахим сургалтыг өөрсдийн санаачилгаар сонгоогүйг ойлгох учиртай. Энэ бол цар тахлын үед байж болох хамгийн зөв шийдэл, гарц. Хамтдаа даван гарах сорилт. Оюутнууд маань ч үүнийг ухамсарлаж цахим сургалтад хандах хандлага, идэвхээ нэмэгдүүлэх, хичээл орохгүй байгаа тохиолдол бүрийг мэдэгдэх газарт нь мэдэгддэг байхад суралцах, түүнээс биш семестр дуусахад ийм асуудал гаргаж байгаа нь үнэхээр оройтчихоод байгааг ухаараасай гэж хүсье.

Бид бүгдээрээ энэ үеийг амжилттай давцгааж, сайхан анги танхимдаа хичээллэх цаг удахгүй ээ гэдэгт итгэж байна.

Танд баярлалаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар