МУИС, WE Mongolia TББ-ын төлөөлөгчид “STEM салбарт охидыг дэмжих” хөтөлбөрийн явцтай танилцах ээлжит уулзалтаа хийлээ. Уулзалтад МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч профессор Н.Оюун-эрдэнэ, Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, WE Мongolia TББ-ын тэргүүн Л.Сарангэрэл, тус байгууллагын Монгол дахь зөвлөх МХЕГ-ын нийгмийн хамгаалалын хяналтын хэлтсийн газрын дарга П.Хорлоо нар оролцов.
Уулзалтаар WE Mongolia TББ-гаас 2021-2022 онд хэрэгжүүлж буй STEM тэтгэлэгт хөтөлбөрийн явцтай танилцан, хоёр тал цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэн батлав.
“STEM салбарт охидыг дэмжих” тэтгэлэгт хөтөлбөр нь 6 сарын хөтөлбөр бөгөөд мэдлэг, мэдээлэл, менторт суурилсан техникийн ур чадварыг хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж эргээд нийгэмдээ эергээр нөлөөлөхүйц сайн үйлсийг дэлгэрүүлэх үрийг түгээж байгаагаараа онцлог юм. Энэ тэтгэлэгт шалгарсан МУИС-ийн 5 эмэгтэй оюутан дээр дурдсан чиглэлүүдээр сар бүр “Менторын цаг”, “Мастер хичээл”, “Англи хэлний эрчимжүүлсэн сургалт” болон мэдээлэл солилцож хүрээлэл тэлэх цахим арга хэмжээнд оролцож байна. Тухайлбал, өнгөрсөн 2-р сарын 12-нд зохион байгуулсан “Менторын цаг”-аар Apple компанид ажилладаг web end developer Х.Оргил, АНУ-ын Хойд Каролина мужийн их сургуулийн багш, data strategist Ж.Янжмаа Ph.D, Микрософт компанид ажилладаг Н.Заяа нартай уулзаж тэдний амжилтад хүрсэн нууцаас суралцан, ганцаарчилсан зөвлөгөө авлаа. Түүнчлэн, өнгөрсөн 3 сараас эхлэн Сантис Сургалтын Төв дээр англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдсан байна. Мөн 3-р сарын 30-ны өдөр “Мастер хичээл”-ийн хуваарийн дагуу AI Lab компанийн үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн гүйцэтгэх захирал М. Баярпүрэв blockchain, cryptocurrency, digital wallet, pocket system-ийн хөгжүүлэлт сэдвээр мастер хичээл заасан байна.
МУИС, WE Mongolia TББ-ын 2022 оны 8-р сарын 23-нд байгуулсан Хамтын Ажиллагааны гэрээ болон тус хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.wemongolia.org/stem-scholarship цахим хуудаснаас хүлээн авна уу.