Эмгэнэл
Баасанхүүгийн Цэрэнханд
/1970-2020/
МУИС-ийн багш доктор, профессор Баасанхүүгийн Цэрэнханд 2020 оны 12 дугаар сарын 21-нд зуурдаар таалал төгсч бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдлоо.
Б.Цэрэнханд нь 1970 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 1986 онд Чандмань сумын 8 жилийн дунд сургууль, 1988 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн 1-р дунд сургууль, 1993 онд МУИС-ийн химийн ангид тус тус суралцаж төгсөн, улмаар 2004 онд “Ховд аймгийн нутаг дахь эрдэс түүхий эдийг ашиглан нам температурын нөхцөлд портландцемент гарган авах физик-химийн судалгаа” сэдвээр химийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
1993-2006 онд МУИС-ийн Ховд дахь салбар сургуульд (Одоогийн Ховд Их Сургууль) химийн багшаар, 2006-2008 онд Дархан-Уул аймаг Техникийн коллежид тэнхимийн эрхлэгчээр, 2008-2009 онд Эрдэнэт хотын Технологийн сургуульд химийн багшаар, 2009-2012 онд МУИС-ийн Улаанбаатар сургуульд дэд профессор, 2012 оноос хойш МУИС-д багш, профессороор тус тус үр бүтээлтэй ажиллаж байлаа. 2019 онд МУИС-ийн дэд профессор цол хүртсэн
Тэрбээр багшлах хугацаандаа бакалаврын сургалтад 20 гаруй, магистрын сургалтад 10 гаруй төрлийн хичээл зааж, материал судлалын чиглэлээр магистрын, бакалаврын хөтөлбөрийг боловсруулахад оролцсон ба 20 гаруй лабораторийн ажлыг шинээр тавьж, “Ерөнхий ба органик бус хими”, “Химийн бодлого бодох аргачлал”, “Физик химийн бодлого дасгалын хураамж”, “Химийн термодинамик ба химийн кинетикийн үндсүүд”, “Электрохимийн үндэс”, “Атомын бүтэц химийн холбоо”, “Химийн лавлах”, “Инженерийн термодинамик” зэрэг ном сурах бичиг, гарын авлага бичиж, хэвлүүлэн олны хүртээл болгосон. 1994 онд МУИС-ийн Ховд дахь салбар сургуульд химичдийн өдрийг тохиолдуулан Химийн нэг өдөр, 1998 онд Химийн тэнхимийн нэрэмжит химийн олимпиадыг тус тус зохион байгуулсан нь одоо уламжлал болон жил бүр зохиогддог үлгэр жишээ ажлууд болсон. Түүнчлэн 2019 оноос их дээд сургуулиудын оюутнууд дунд “Материал судлал” улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг анх санаачилан зохион байгуулж байсан юм.
Б.Цэрэнханд нь Цементийн хими технологи, Эмчилгээний шаврын химийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж шинэ бүтээлийн патент 4-ийг авсан ба үүний 3-г, мөн ашигтай загварын гэрчилгээ 7-г МУИС-ийн нэр дээр авч, 40 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлжээ. Дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад уригдан 30 гаруй илтгэлийг хэлэлцүүлсэн эрдэмтэн багш байсан юм.
Тэрбээр судалгааныхаа ажлын үр дүнд зохиомол эмчилгээний шавар, шавар агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд гаргах арга технологиор 10 гаруй төрлийн инновацийн бүтээгдэхүүнийг практикт нэвтрүүлж, үндэсний болон олон улсын үзэсгэлэнгүүдэд өөрийн бүтээлээр амжилттай оролцож байсан төдийгүй, МУИС-ийн дэргэд “Увдист-Ханд” нэртэй гарааны компанийг байгуулсан билээ.
Б.Цэрэнханд нь олон бакалавр оюутан, магистр, докторантуудыг дагалдуулан судалгаа шинжилгээний ажилд суралцуулж, судалгааны семинар удирдаж ирсний дээр 30 гаруй бакалаврын төгсөлтийн ажил, 13 магистрын ажлыг удирдаж хамгаалуулан, 3 докторантын судалгааны ажлыг амжилттай удирдсан юм.
1999-2003 онд “Монгол-Алтайн уулархаг районы экологи газарзүйн үнэлгээ”, 2002-2005 онд “Баруун бүсийн эрдэс түүхий эдийн химийн судалгаа” сэдэвт ШУТС-ийн төсөл, гадаадын хөрөнгө оруулалттай нэг төсөлд гүйцэтгэгчээр, МУИС-ийн санхүүжилттэй 4 төслийн удирдагчаар ажиллаж байсан байна.
Б.Цэрэнханд нь ажиллах хугацаандаа сургууль олон нийтийн ажилд идэвхтэй оролцож ирсэн. Заримаас нь товч дурдахад, Ховд их сургуулийн эмэгтэйчүүдийн зөвлөл, заах арга зүйн зөвлөлийн гишүүн, Дархан-Уул аймгийн Техникийн коллежийн захиргааны зөвлөл, эрдмийн зөвлөл, МУИС-ийн ХХИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр тус тус үр бүтээлтэй ажиллаж байв.
Түүний хөдөлмөр бүтээл, шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн 2004 онд Ховд их сургуулийн шилдэг багшаар, 2005 онд БСШУЯ-ны хүндэт жуух бичгээр, 2012 онд БСШУЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 2019 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль зэрэг шагналуудыг тус тус хүртээсэн билээ.
Б.Цэрэнханд нь шударга, зарчимч, багаар ажиллах чадвартай, сурган хүмүүжүүлэх ур чадвар сайтай, ажилч хичээнгүй нэгэн байсан ба дээд боловсролын байгууллагад 27 жил амжилттай багшлахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэж, олон оюутан залуучуудыг эрдэм судлалын ажил хийж дадлагажихад үнэтэй хувь нэмэр оруулж, олон шинэ бүтээлийг гарган практикт нэвтрүүлж байгаа манай тэргүүний судлаач багш нарын нэг байв.
Доктор, профессор Б.Цэрэнхандын судалгаа шинжилгээний бүтээл, түүний хөдөлмөрч, хүнлэг, тууштай зан чанар, гэгээн дүр нь хамт олон, найз нөхөд болон үе үеийн олон зуун шавь нарынх нь сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөх болно.
Профессор Б.Цэрэнханд багшийнхаа эцэг эх, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Ум сайн амгалан болтугай.
Монгол Улсын Их Сургуулийн захиргаа
Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль
Хими, Биологийн Инженерчлэлийн Тэнхимийн хамт олон


