Хайж байна...

Эмгэнэл | Банзрагчийн Бурмаа /1940-2021/

Share Button

ЭМГЭНЭЛ

МУИС-ИЙН АХМАД БАГШ, ДОКТОР, ПРОФЕССОР

БАНЗРАГЧ ОВОГТОЙ БУРМАА

(1940-2021)

МУИС-ийн ахмад багш доктор, профессор Банзрагчийн Бурмаа 2021 оны 03 дугаар сарын 15-нд хүнд өвчний улмаас таалал төгсөж бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдлоо.

Б.Бурмаа нь 1940 онд Завхан аймгийн төв Улиастай хотод төрсөн. 1958 онд Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургууль, 1962 онд МУИС-ийн физикийн салбарыг улаан дипломтой төгссөн. Б.Бурмаа нь МУИС-д 55 жил багшаар ажиллах хугацаандаа физик, математик, цаг уур, хими, геологи зэрэг мэргэжлийн ангиудад ерөнхий физик, рентген физик, кристалл физик, хагас дамжуулагчийн физик, физикийн дидактик зэрэг хичээлийг зааж ирсэн манай туршлагатай ахмад багш нарын нэг байлаа. Тэрээр 1977 онд Берлин хотын Гумболдтын нэрэмжит их сургуулийн аспирантурт суралцаж, “Хагас дамжуулагч PbxSn1-xTe-ийн монокристаллыг шилжигч зоны аргаар ургуулах” сэдвээр физик-математикийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан манай улсын анхны физикч эмэгтэй эрдэмтэн төдийгүй Герман улсад физикийн мэргэжлээр докторын цол хамгаалсан анхны эрдэмтэн юм.

Профессор Б.Бурмаа багшлах хугацаандаа гадаад дотоодын сэтгүүлд 90 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, их дээд болон дунд сургуулийн сурах бичиг 30, хялбаршуулсан товхимол, гарын авлага 60 гаруйг хэвлүүлжээ.

Б.Бурмаа багш өөрийн оронд хатуу бие, хагас дамжуулагчийн нарийн мэргэжлээр сургалт судалгааны ажлыг эхлүүлэх, түүний материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр ажилласан манай орны хатуу биеийн физикийн салбарыг үндэслэгчдийн нэг юм. ХБНГУ-ын Дрезден хотын техникийн их сургууль, Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран аморф хагас дамжуулагчийг гарган авах технологи болон физик шинж чанарын судалгааг явуулж судалгааны ажлын үр дүнгээр 30 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг шавь нартайгаа хамтарч дотоод, гадаадын хэвлэлд нийтлүүлсэн. Тэр бээр МУИС, ШУА дундын хатуу биеийн физикийн хамтарсан лабораторийг байгуулан амжилттай ажиллуулж ирсний дүнд Монголд хатуу биеийн физикийн шавь сургууль бий болон хөгжиж байна. Энэхүү шавь сургууль нь МУИС-ийн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад шилдгээр шалгарсан билээ. Энэ нь Бурмаа багшийн ажлын үр дүн, түүний чанарыг үнэлэх нэгэн жишээ юм.

Профессор Б.Бурмаа нь шилдэг эрдэмтэн төдийгүй олон улсын түвшинд судалгаа шинжилгээний ажил хийдэг олон судлаачдыг төрүүлсэн буянтай багш билээ. Б.Бурмаа багшийн болон түүний удирдаж байсан судалгааны хамтлагаас олон эрдэмтэд төрөн гарсан бөгөөд эдүгээ ШУА, их дээд сургуулиуд төдийгүй гадаадын нэр хүндтэй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж байна.

Б.Бурмаа нь МУИС-ийн Мэргэжлийн Дидактикийн Сургалт Судалгааны Төвийг үндэслэгчдийн нэг төдийгүй төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, гадаад харилцааг хөгжүүлэх, сургалт судалгааны ажлын онол, арга зүйн түвшинг олон улсын жишигт хүргэхэд онцгой анхаарч ХБНГУ-ын Лейбницийн нэрэмжит байгалийн ухааны дидактикийн хүрээлэн, Гумбольдтын их сургууль, Макс Планкийн нэрэмжит боловсрол судлалын хүрээлэн, Токио хотын Гакугейн их сургууль зэрэг сургалт судалгааны байгууллагуудын эрдэмтэдтэй холбоо тогтоон ажиллажээ. Профессор Б.Бурмаа их сургуульд бэлтгэж буй физикийн багш мэргэжилтний гол хичээл болох физик дидактикийн хичээлийн хөтөлбөрийг боловсруулан зааж, судалгааны төсөл хэрэгжүүлж, 20 гаруй магистрын дипломын ажлыг удирдсан. Дэлхийн түвшинд хэрэгжиж байгаа байгалийн ухааны суурь боловсролыг сурагчдын эзэмших цогц чадамж, чадварт суурилан шинэчлэх зарчмын шинэ үзэл санааг бүтээлчээр хэрэгжүүлснээр монголын физик дидактикийн хөгжлийг шинэ шатанд гаргах үндсийг тавьж чадсан, орчин цагийн физик дидактикийн шавь сургуулийг үндэслэгч юм.

Б.Бурмаа багш монгол улсын боловсролын шинэчлэлийн олон чиглэлээр хийгдсэн үндэсний түвшний үйл ажиллагаанд бүтээлчээр оролцон, жинтэй хувь нэмэр оруулж ирсэн эрдэмтэн судлаач билээ. Боловсролын стандарт, хөтөлбөр, байгалийн ухааны дидактик, тогтвортой хөгжлийн боловсрол, багш мэргэжилтний ур чадвар зэрэг дэлхий нийтийг хамарсан боловсролын шинэчлэлийн цөм асуудлаар хийгдэж байгаа судалгааны ажлуудтай цаг алдалгүй танилцаж бусдаас суралцахын зэрэгцээ өөрийн орны нөхцөл байдалд тохирсон үзэл баримтлалыг боловсруулах чиглэлээр идэвхтэй ажилласан.

Б.Бурмаагийн хөдөлмөрийг үнэлэн Дээд, тусгай боловсролын хорооны хүндэт жуух, Монголын эмэгтэйчүүдийн хорооны хүндэт жуух, БНАГУ-ын дээд, тусгай боловсролын яамны хүндэт жуух, Монголын багш нарын холбооны “Есөн эрдэнэ” хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд, 1990 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан, 1992 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2003 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Түүнийг 2009 онд МУИС-ийн шилдэг сурган хүмүүжүүлэгч багшид өргөмжлөн, МУИС-ийн хүндэт дэвтэрт бичиж хүндэтгэл үзүүлсэн билээ. 1988 онд доцент цол, 2000 онд МУИС-ийн хүндэт профессор цол олгожээ.

Багш маань зогсолтгүй хөдөлмөрлөж, шинийг эрэлхийлэн залууст зөвлөдөг, хатуу шаардлага тавин үнэтэй зөвлөмж, туршлагаа харамгүй хуваалцдаг нэгэн байлаа.

Талийгаачийн улс орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. Хамт олон шавь нар бид бүгд таныхаа үйл хэргийг үргэлжлүүлж, нэр төрийг тань өндөрт өргөн явах болно.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан садан, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

Монгол Улсын Их Сургуулийн Захиргаа

Шинжлэх Ухааны Сургууль

Физикийн тэнхимийн хамт олон

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар