Times Higher Education байгууллагын Дэлхийн их сургуулиудын эрэмбэ-2026-д МУИС дахин багтлаа

Share Button

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд, МУИС-ийн Стратегийн төлөвлөлтөд их сургуулийг олон улсын нэр хүнд бүхий байгууллагаар үнэлүүлж, эрэмбэлүүлэх тухай заасан байдаг. 2024 онд МУИС нь олон улсын чансаа тогтоодог хамгийн нэр хүндтэй байгууллагын нэг болох Times Higher Education байгууллагын суурь болзлыг хангаж World University Ranking-2025 жагсаалтад анх удаа багтаж 1501+ байр эзэлсэн билээ.

Суурь болзлыг хангаж, уг жагсаалтад орох нь өөрөө хамгийн том шалгуур бөгөөд дэлхийн 26000 гаруй дээд боловсролын сургалтын байгууллагуудаас уг болзлыг хангаж чадсан 2100 гаруй сургуулийн нэг болж чадсан нь Монгол улсын хувьд анхны тохиолдол болсон юм.

Ямар суурь болзлууд тавигддаг талаар өмнөх жилийн мэдээнээс дэлгэрэнгүй унших боломжтой. / https://news.num.edu.mn/?p=106192https://news.num.edu.mn/?p=109837/

2025 онд МУИС уг байгууллагаар дахин үнэлгээ хийлгэхээр мэдээллээ илгээж өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр World University Ranking-2026 жагсаалтад дахин багтлаа.

Энэ жил дэлхийн 3100 гаруй сургууль өөрсдийн тооцоогоор болзол хангасан гэж үзэн хүсэлтээс илгээснээс 115 орны 2191 сургууль суурь болзлоо ханган эрэмбэлэгдсэн нь өмнөх жилийнхээс 100 орчим сургуулиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

МУИС-ийн хувьд Дэлхийн их сургуулиудын эрэмбэ-2026-д энэ жил дахин 1501+ интервалд харгалзан жагссан байна.

Үзүүлэлтүүдийн хувьд үнэлгээний 5 том багц шалгуур бүрээр өссөн үзүүлэлттэй буюу өмнөх онтой харьцуулахад Сургалт 14.7%-с 15.6%, Судалгааны орчин 9.2%-с 9.4%, Судалгааны чанар 12,5%-с 15.5%, Үйлдвэрлэлд оруулсан хувь нэмэр 20.6%-с 21.7%, Гадаад хамтын ажиллагаа 51%-с 55.4% гүйцэтгэлтэй болж өссөн байна.

Өнөөдрийн энэ үзүүлэлт нь сүүлийн цөөн хэдэн жилийн үйл ажиллагааны үр дүн гэхээс илүү МУИС-ийн төдийгүй, Монголын дээд боловсролын салбарын урт хугацааны үйл ажиллагааны үр дүн, үе үеийн эрдэмтэн багш нарын нөр их хөдөлмөр, хичээл, зүтгэлийн үр дүн юм.

МУИС-ийн нэрийг олон улсын тавцанд үнэлүүлэхэд хувь нэмрээ оруулсан МУИС-аар овоглодог үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.

Ажлын хэсэг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар