Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулагдаж буй Олон улсын Монголч эрдэмтдийн 11 дүгээр Их хурал Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ. ”Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр зохион байгуулагдах Их хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэд, биет бус өвийг тээгч иргэд оролцож байгаа. Төрийн ордны Их танхимд нээлтээ хийж буй хурлыг Монгол Судлалын Үндэсний Зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар хөтлөн явуулж, Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Төмөртогоо үг хэлэв.
Монголч эрдэмтдийн хурлын нээлтэд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий Сайд, Монгол Судлалын Үндэсний Зөвлөлийн дарга Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл нар үг хэлж, Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхийлөгч Клаус Сагастерийн мэндчилгээг уншиж танилцуулсан.
Түүнчлэн Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхийлөгч Клаус Сагастерийн мэндчилгээг уншиж танилцуулсан бөгөөд тэрээр хувийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа учир хүрэлцэн ирээгүй бөгөөд хуралд зориулж мэндчилгээ ирүүлсэн байна.
Энэхүү мэндчилгээнд “Олон улсын монголч эрдэмтний их хурал 57 жилийн түүхтэй. Монгол Улсын үе үеийн төр, засгийн газар хүмүүнлэгийн ухааны салбарыг чухалчилж ирсний баталгаа нь аливаа саад бэрхшээлийг даван туулж Их хурлаа амжилттай зохион байгуулсаар ирсэнд оршино. Монгол судлал бол түүх, соёлоо үргэжлүүлэх монголчуудын үндэсний бахархал билээ. 1959 онд Олон улсын монголч эрдэмтдийн анхдугаар их хурал болоход манай салбарын тэргүүлэгчид бүгд оролцож байсан. Багагүй саад бэрхшээл тулгарсан ч энэ бүхнийг даван гарч одоо монгол судлалын эрдэмтэд уулзаж, санал солилцоход улам амар болж байна. Монгол судлалыг цаашид тогтвортой хөгжүүлэх шаардлагатай. Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр хуралдааныг зохион байгуулж байгаа Монгол Улсын төр, засаг, байгууллагуудад талархал илэрхийлж байна” хэмээжээ.
Дөрөв хоног үргэлжлэх энэхүү хурлыг Олон улсын Монгол судлалын холбоо, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөл, ЕТГ, БСШУЯ, ШУА, Шинжлэх ухаан технологийн сан, МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс хамтран зохион байгуулж байна.
Мөн дээрх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хагас зууны туршид ажил амьдралаа зориулан хөдөлмөрлөж ирсэн хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Их сургуулийн зөвлөх багш, доктор, профессор Гэлэгжамцын Цэрэнханд, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Жавзангийн Цолоо нарыг Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор,
Алтан гадас одонгоор: МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Магсаржавын Баярсайхан, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш Доржсүрэнгийн Бүрнээ, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн дэд захирал Пүрэвсүрэнгийн Дэлгэржаргал нарыг Алтан гадас одонгоор шагналаа. http://www.president.mn/content/12228