
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн номын эрдэм шинжилгээний уншлагыг Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Чимид сантай хамтран 2024 оноос зохион байгуулах болсон билээ.
2024 онд Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой, Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн мэндэлсний 90 насны ойг тохиолдуулан Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын эрдэм шинжилгээний уншлагыг зохион байгуулсан бол энэ жил Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Чимид сан, Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Сонгуульд суралцахуй” номын эрдэм шинжилгээний уншлагыг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Номын уншлагад дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Үүнд:
- Хууль зүйн доктор, профессор Д.Солонго “Сонгуулийн эрх зүйн үндсэн асуудалд”;
- Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга асан Ж.Сүхбаатар “Сонгуулийн байгууллага”;
- МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн дэд профессор, улс төр судлалын доктор Э.Гэрэлт-Од “Нам сонгуульд оролцох тухай”;
- “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер, улс төр судлаач Д.Энхцэцэг “Сонгуулийн сурталчилгаа, санхүүжилт”;
- “Сонгогчдын боловсрол төв” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Оюунтуяа “Сонгогчийн боловсрол чухал болох нь”;
- Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Сонгуулийн маргаан хянан шийдвэрлэх хэргийн харьяалал”.
“Сонгуульд суралцахуй” номын эрдэм шинжилгээний уншлагад улс төр, нийгмийн зүтгэлтнүүд болон Үндсэн хууль, эрх зүй судлаач эрдэмтдийн төлөөлөл оролцож, үндсэн илтгэлтэй холбогдуулан 20 гаруй эрдэмтэн, судлаачид санал дүгнэлтээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.


Эрдэм шинжилгээний уншлага нь Б.Чимидийн оюуны өвийг олон нийтэд түгээх, иргэдийн сонгуулийн мэдлэгийг дээшлүүлэх, сонгуулийн эрх зүйн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийг эргэлтэд оруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаагаараа чухал ач холбогдолтой болно.

