“Олон-сонголтот даалгаврын шинжилгээ” гарын авлага хэвлэгдэн гарлаа

Share Button

Азийн Хөгжлийн Банкны “Дээд боловсролын шинэчлэл” төслийн санхүүжилтээр МУИС-д 2015-2017 онд хэрэгжүүлсэн “МУИС-д хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх тогтолцоог бий болгох нь” төслийн хүрээнд боловсруулсан “Олон-сонголтот даалгаврын шинжилгээ” гарын авлага хэвлэгдэн гарлаа.

Их, дээд сургууль болон ЕБС-ийн багш нарт зориулсан энэхүү гарын авлага нь 5 бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт сонгох-хариултат даалгаврын зарим хэлбэртэй танилцуулж байгаа бол хоёрдугаар бүлэгт сонгох-хариултат даалгаврын хамгийн том төлөөлөл болох олон-сонголтот даалгаварт тавигдах 15 шаардлагыг тодорхой жишээтэйгээр авч үзсэн. Гуравдугаар бүлэгт даалгаврын шинжилгээ хийх арга, буруу хариултын шинжилгээ хийх аргыг тус тус алхамчилсан тайлбар, жишээтэй оруулж өгсөн. Харин дөрөвдүгээр бүлэгт МУИС-ийн дотоод албан хэрэгцээнд зориулан боловсруулсан DE Analysis программыг хэрэглэх товч аргачлалыг хүргэсэн. Тавдугаар бүлэгт МУИС-д зааж буй 6 хичээлийн явцын, эсвэл улирлын шалгалтын сорилгод хэрэглэсэн олон-сонголтот даалгаварт DE Analysis программаар хийсэн даалгаврын болон буруу хариултын шинжилгээний дүн, түүнд мэргэжлийн багш нарын өгсөн тайлбар бүхий нийт 56 жишээг үзүүллээ.

МУИС-ийн сургалтын нэгдсэн газарт хэрэглэдэг машинаар уншуулсан файл болон гараар үүсгэсэн файл дээр DE Analysis программаар даалгаврын болон буруу хариултын шинжилгээ хийх боломжтой.