“Ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоо: Салбар дундын хамтын ажиллагаа” зөвлөлдөх хэлэлцүүлэг-2019 боллоо

Share Button

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох асуудлыг сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч, энэ чиглэлээр олон байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Иймд ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоо, үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий зөвлөлдөх хэлэлцүүлгийг холбогдох яамд, олон улсын байгууллага, их сургуулиуд хамтран зохион байгууллаа. Үүнд:

  • Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам;
  • Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам;
  • Германы хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ)-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл;
  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн “Ажил мэргэжил судлал” хөтөлбөр;
  • Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”;
  • ХБНГУ-ын Холбооны Хөдөлмөрийн Агентлагийн Их Сургууль

Тус зөвлөлдөх хэлэлцүүлгээр ажил, мэргэжлийн чиг баримжааны тогтолцоон дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлын хүрээнд бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, сургалт, судалгаа, практик үйл ажиллагаанд хамтран ажиллах талаар тус тус хэлэлцэж байна. Бодлого, эрх зүйн орчны асуудлын хүрээнд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаан дахь бодлогын хэрэгжилт, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүлэв. Цаашлаад сургалт, судалгааны ажлаар олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, зөвлөх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд мэргэших дадлагыг хамтран зохион байгуулах, ЕБС-ын сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг сайжруулах болон төрийн бус байгууллагуудын сайн туршлагыг танилцууллаа.


Зөвлөлдөх хэлэлцүүлгийг ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс нээж үг хэлсэн бөгөөд ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоон дахь боловсролын салбарын бодлого, хамтын ажиллагааны асуудлаар БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, доктор, дэд профоессор С.Мөнхбат нар илтгэл тавьлаа. Мөн МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, ХБНГУ-ын Холбооны хөдөлмөрийн агентлагийн их сургуулийн профессор М.Шарпф, профессор Б.Й.Эртельт, доктор Р.Кондуров болон МУИС-ийн “Ажил мэргэжил судлал” хөтөлбөрийн багш нар оролцов.

Манай улсад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, газруудаас ажлын байрны зуучлал, чиг баримжаа олгох сургалт, зөвлөгөө зохион байгуулдаг. Ажил, мэргэжлийн чиг баримжааны зөвлөх мэргэжилтнүүдийг богино хугацааны сургалтаар мэргэшүүлэхийн зэрэгцээ 2017 оноос эхлэн МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль “Ажил мэргэжил судлал” магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж, мэргэжлийн ажил мэргэжлийн зөвлөх мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлжээ. Тус хөтөлбөрөөр бэлтгэгдсэн анхны магистрын зэрэгтэй ажил мэргэжлийн зөвлөх мэргэжилтнүүд 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр магистрын дипломоо гардан авах юм. Тус магистрын хөтөлбөрийг ХНХЯ-ны захиалгаар Германы хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ)-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл Герман, Швейцар, Австрали улсын засгийн газрын санхүүжилтээр дэмжин хэрэгжүүлжээ. Мөн мэргэжлийн магистрын хөтөлбөрийн сургалтанд шаардлагатай онол аргазүйн ном, нэр томъёоны тайлбар толь боловсруулах болон багш нарыг чадавхжуулах чиглэлээр Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслөөс дэмжлэг үзүүлж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар