UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдвээрх экспертийн ярилцлага, олон нийтийн лекц, хэлэлцүүлгийн 16-р цувралыг “НЭГДМЭЛ УЛС ДАХЬ БАЯЛГИЙН АШИГ, ХУВИАРЛАЛТЫН ШУДАРГА БАЙДАЛ” дэд сэдвийн хүрээнд МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр МУИС-ийн дугуй зааланд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлгийн хүндэт илтгэгчээр Бритиш Колумбын Их Сургуулийн Төрийн Бодлого, Олон Улсын Харилцааны сургуулийн Проф. Др. Жулиан Диркес оролцов.
Проф. Др. Жулиан Диркес Принстоны Их Сургуульд социологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрээр “Гэм буруугийн сургамж? Япон ба Германы дахь дайны дараах түүхийн боловсрол” (Routledge 2010) номын зохиогч, “Ардчилсан Монгол дахь өөрчлөлт” (Брилл 2012) номын редактор, “Глобал нэмэлт боловсролыг эрчимжүүлэх” (Emerald 2013) номын хамтран редакторлагч. Түүний судалгааны чиглэл нь орчин үеийн япон боловсрол бөгөөд тэрээр Монголын улс төр, нийгмийн хөгжлийн тухайлсан асуудлаар судалдаг.
UB IMPULSE 16 цуврал хэлэлцүүлэгт МУИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн, судлаачид, докторант, магистрант оюутнууд, Монгол Улсын төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Дэлхийн банкны санхүүгийн олон улсын корпораци, Хууль сахиулахын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Мандах их сургууль, Этүгэн их сургууль, Нийслэлийн захирагчийн алба, Үндэсний Аудитын газар, Үндэсний хөгжлийн газар, Эрдэнэс Монгол, Оюу толгой, Эрдэнэс оюу толгой, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүргүүдийн төрийн албан хаагчид зэрэг байгууллагуудын нийт 150 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Илтгэгч нэгдмэл улс дахь баялгийн ашиг, хувиарлалтын шударга байдлын хүрээнд:
- Төрийн байгууламжийн нэгдмэл ба холбооны хэлбэр,
- Эрдэс баялгийн нөлөөний зарим асуудлууд,
- Монгол Улс дахь байгалийн баялгийн үр өгөөж, баялгийн нөөцийн хуваарилалт,
- Байгалийн баялгийн нөөцийн хуваарилалт ба бүс нутгийн тэгш хөгжил, төрийн байгууламжийн хэлбэр,
- Байгалийн баялгийн нөөц хуваарилалтын хэтийн төлвийн талаар илтгэж, оролцогчидтой нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид уул уурхайн нөөц баялгийн хуваарилалтанд засаглалын тогтолцоо хэрхэн нөлөөлөхийг дүгнэн, хэтийн төлвийг тодорхойлон, санал бодлоо солилцлоо.
Зохион байгуулагч:
МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр
UB-IMPULSE олон нийтийн лекц, хэлэлцүүлгийг санаачлагч, үндэслэгч МУИС-ийн хүндэт доктор, Проф. Др. Штефан Ханселманн /GIZ-IMRI/