Монгол Улсын Их Сургууль, БНТУ-ын Измир Катип Челеби Их сургууль (ИКЧИС) хоорондын Хамтын ажиллагааны хүрээнд Түрэг судлалын хамтарсан хүрээлэн байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд ИКЧИС-ийн ректор Саффет Көсе, проректор Туран Гөкче нар болон утга зохиолын тэнхимийн багш профессор Шабан Доган нар БНТУ-аас зорин ирж оролцлоо.
Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд МУИС-ийн захирал Др. Я.Төмөрбаатар, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Др. Б.Очирхуяг, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Др.Ч.Ундрам, ШУС-ийн захирал Др. Д.Заяабаатар, ШУС-ийн Эрдмийн зөвлөлийн хамт олон болон Ази судлалын тэнхимийн эрхлэгч В.Батмаа нар болон ХАХ-ийн төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү арга хэмжээний хүндэт зочноор БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Ахмед Язал, Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомер нар уригдан оролцлоо.
Ёслолын арга хэмжээг захирал Др. Я.Төмөрбаатар нээж үг хэлэхдээ Монгол Улс, БНТУ хоёрын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар төлөвлөж буйг дурдав. Тэрээр энэ оны тавдугаар сард БНТУ-ын нэр хүнд бүхий их, дээд сургуулиуд болох Истанбулын их сургууль, Анкара дахь Хажеттепегийн их сургууль, Анкара Хажи байрам вели их сургууль болон ИКЧИС сургуулиудын удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааг зөвхөн хэл, соёл төдийгүй түүх, археологи, олон улсын харилцаа, бизнесийн салбарт хөгжүүлэх өргөн боломж бий талаар санал солилцсон тухайгаа онцлов. МУИС-ийн захирал Др. Я.Төмөрбаатар болон ШУС-ийн захирал Др. Д.Заяабаатар нар БНТУ-д хийсэн айлчлалын үеэр ИКЧИС-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэхүү санамж бичгийн хүрээнд тус сургуультай хамтарсан Түрэг судлалын хүрээлэнг байгуулах гэрээнд гарын үсэг зурахаар болсон билээ. Мөн тус сургуультай багш, оюутан солилцооны Мэвлана хөтөлбөрийн хүрээнд гарын үсэг зурснаар МУИС-ийн 12 оюутан ИКЧИС-т суралцах сайхан боломж бий болсон талаар захирал Др. Я.Төмөрбаатар дурдлаа.
ИКЧИС-ийн ректор Др.Саффет Көсе ёслолын ажиллагаанд үг хэлэхдээ халуун дотноор хүлээн авч буйд нь МУИС-ийн захирал Др.Я.Төмөрбаатар тэргүүтэй эрдмийн хамт олонд талархлаа илэрхийлээд хэдийгээр анх удаа Монгол Улсад зочлон ирж байгаа боловч Монгол Улсыг өөрийн эх орон шиг нь санагдаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хоёр улсын их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгааг дурдаад МУИС болон ИКЧИС хоорондын хамтын ажиллагаа хоёр улсын боловсролын салбар дахь харилцааг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа хэлэв.
Др.Саффет Көсе хоёр улсын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайд ноён Ахмед Язал, МУИС-ийн захирал Др. Я.Төмөрбаатар, ШУС-ийн захирал Др. Д.Заяабаатар, МУИС-д багшилж байсан Шабан Доган нар идэвх зүтгэл гарган ажиллаж буйд нь халуун талархал илэрхийлэв.
Хоёр сургуулийн захирлууд нээлтийн үг хэлсний дараа Түрэг судлалын хамтарсан хүрээлэн байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээний хүрээнд талууд БНТУ болон Монгол улсад эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулж турк, монгол эрдэмтдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр талын судлаачдын туурвисан бүтээлүүдийг холбогдох зөвлөлийн шийдвэрийн дагуу ном болгон хэвлүүлэх, хамтарсан төгсөлтийн дараах хөтөлбөр нээх, хөгжүүлэх, тус хүрээлэнгийн хэвлэл болгон редакцын зөвлөлтэй цахим сэтгүүлийг жилд хоёр удаа гаргах, шаардлагатай гэж үзвэл сэтгүүлийг хэвлэмэл байдлаар гаргах зэрэг олон талт үйл ажиллагааг явуулах бөгөөд монгол дахь түрэг судлалыг шинэ шатанд гаргах боломжийг бий болгох юм.
Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд хүрэлцэн ирсэн Элчин сайд ноён Ахмед Язал, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомер нар талархлын үг хэлж хоёр сургуулийн хамтын ажиллагаанд амжилт хүсэж бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахад бэлэн буйгаа хэлэв.
Түүнчлэн Элчин сайд ноён Ахмед Язал, ИКЧИС-ийн ректор Др.Саффет Көсе тэргүүтэй төлөөлөгчид МУИС-ийн Номын сантай танилцан, Эрдмийн музейгээр зочилоод МУИС-ийн Хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг үлдээсэн юм.