МУИС | Зайн хэлбэрээр сургалт зохион байгуулах удирдамж

Share Button

2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн БСШУС-ын сайдын А/43 тоот тушаалаар коллеж, дээд, их сургуулиудын сургалтыг цахимаар хэрэгжүүлэхтэй холбогдуулан МУИС-ийн сургалтын үйл ажиллагааг 2 дугаар сарын 3-аас 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл зайн хэлбэрээр явуулах удирдамж гаргаж байна. Үүнд:

Лекц, семинарын материал бэлтгэх

  • Лекц болон семинарын материал нь тухайн хичээлийн агуулгыг тайлбарласан үзүүлэн (слайд) болон аудио тайлбарыг агуулсан .pptx, .ppsx өргөтгөлтэй файл эсвэл видео хэлбэрийн файл байна.
  • 90 минутын хичээлийн аудио тайлбар нь 30 минутаас багагүй байна.
  • Хичээлийн файл нь үндсэн агуулга болон бататгах асуулт (лекц), даалгавар (семинар)-аас бүрдэнэ.

Хичээлийн материалыг суралцагчдад хүргэх

  • Материалыг СиСи системийн ДААЛГАВАР ХЭСЭГ-ээр суралцагчдад хүргэнэ.
  • Даалгавар үүсгэх хэсэгт шаардлагатай талбаруудыг оруулж (даалгаврын нэр, хугацаа, агуулга, оноо, холбоос), оюутнаас буцааж файл авах хэлбэрийг сонгож, 20МВ-аас бага хэмжээтэй шаардлага хангасан өргөтгөлтэй файлыг шууд илгээх, үүнээс их хэмжээтэй файлыг хост сервист (youtube, onedrive, office365 гэх мэт) байрлуулж холбоосыг агуулга хэсэгт оруулж даалгаврыг үүсгэнэ.

Багш, суралцагчдын ирц, оролцоог бүртгэх

  • Багшийн ирцийг лекц болон семинарын материалыг хичээлийн хуваарь дахь хугацаанд багтаан даалгавар үүсгэж материалыг илгээснээр бүртгэнэ.
  • Суралцагчдын ирцийг бататгах асуулт болон даалгаврыг гүйцэтгэх эцсийн хугацаанд багтаан СиСи системийн даалгаврын хэсгээр ирүүлснээр бүртгэнэ.

Бусад

  • Зайн сургалтын лекц, семинарын материал бэлтгэх, хүргэхтэй холбоотой видео заавар, гарын авлагын холбоосыг албан ёсны цахим хаягаар хүргүүлэхээс гадна СиСи систем, num.edu.mn цахим хуудсанд байрлуулна.
  • Дадлага, лабораторийн ажлыг 3 дугаар сарын 2-оос чөлөөт хуваариар нөхөж орно.
  • Суралцагчидтай хийх хичээлийн хэлэлцүүлгийг Microsoft 365-ийн Teams аппликейшн болон бусад боломжит платформоор зохион байгуулна.
  • Суралцагчид хүргэх мэдээ, мэдээллийг СиСи системийг ашиглан хүргэж болно.
  • 3 дугаар сарын 2-оос эхлэх эхний лекц нь зайн хэлбэрээр хүргэсэн агуулгыг бататгасан тойм лекц байна.

МУИС-ийн Захиргаа