МУИС нь 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ Боловсролын тухай хууль, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2020 оны “Боловсролын салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 32 дугаар тогтоол, Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/290 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Их, дээд сургууль, коллежийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам” зэргийг тус тус баримтлан холбогдох бэлтгэл ажлуудыг бүрэн хангасан. Тухайлбал, оюутны дотуур байрны бэлтгэл ажлыг дараах байдлаар хийсэн юм. Үүнд:
- Оюутны дотуур байруудад урсгал засвар хийх;
- Бүх дотуур байрны үүдэн хэсэгт ариутгалын автомат төхөөрөмж, автомат халуун хэмжигчийг суурилуулах;
- Холбогдох газраас ирүүлсэн удирдамж, зааврын дагуу дотуур байр бүрд 1-2 тусгаарлах өрөөг бэлтгэхээс гадна сургуулийн зүгээс нөөц байдлаар оюутны 5-р дотуур байрны 4-р давхарыг нийтэд нь тусгаарлах давхар болгон зохион байгуулах;
- Халдварын үеийн эм тариа бусад шаардлагатай багаж, хэрэгслийн нөөцийг бэлтгэх зэрэг шаардлагатай бүх нөхцөлийг хангасан болно.
Сургалтын үйл ажиллагаа эхэлснээс хойш 14 хоногийн дараа халдварын тоо нэмэгдэж тусгаарлах байр болгохоор төлөвлөсөн өрөө, давхарууд хүрэлцэхгүй болсноор дахин нэмэгдүүлэх шаардлага үүссэн юм. Үүнтэй уялдуулан МУИС-ийн Захиргаа, Шуурхай багийн хурлаар Оюутны 5-р дотуур байрыг бүхэлд нь тусгаарлах байр болгон зохицуулалт хийхээр шийдвэрлэж, оюутнуудад мэдэгдэн, бусад дотуур байрны оюутан сонголт хийгээгүй сул байсан ор, өрөөнд шилжүүлэн нүүлгэсэн.
Монгол Улсын Их Сургууль цар тахлын нөхцөл байдал, эрсдэлийг үнэлэн дотуур байранд суралцагчдыг бүртгэхдээ 100 хувийн дүүргэлт хийлгүйгээр тодорхой давхар, өрөөг нөөцөлсөнтэй холбоотойгоор дотоод зохион байгуулалт хийсэн болно.
Дотуур байранд оршин сууж буй суралцагчдыг өөр байр руу шилжүүлсэнтэй холбоотойгоор МУИС-ийн зүгээс тухайн өрөөнд амьдарч байсан оюутны тоог өөрчлөхгүйгээр шилжүүлэх, стандартын дагуу 1 өрөөнд 4 суралцагч байрлах нөхцөлийг хангах, хэрэв төлбөрийн зөрүүтэй байр руу шилжсэн тохиолдолд зөрүүг оюутанд буцаан олгох, дотуур байранд оршин суугч өрөөг нэмж тохижуулсан эд, зүйлсээ авч нүүх, нүүлгэлтийг явганаар бус ачаа тээшийг тээвэрлэх машиныг сургуулиас шийдвэрлэн ажиллаж байна.
Цар тахлын амаргүй нөхцөл байдалд хийж буй зохицуулалтын явцад зарим ташаа мэдээллийн улмаас нөхцөл байдлыг хүндрүүлэх, бусдыг турхирах асуудал гарч буйд туйлын харамсалтай байна. Монгол Улсын Их Сургууль хэн нэгэн оюутныг дотуур байрнаас хөөж амьдрах байргүй болгосон, элдэв дарамт шахалт учруулсан зүйл огт байхгүйг албан ёсоор мэдэгдэж байна.
ТА бүхэн МУИС-ийн албан ёсны мэдээллийн суваг, эх сурвалжаас мэдээлэл авч, санал хүсэлт, гомдол шийдвэрлэх албан сувгаар хандаж асуудлаа шийдвэрлүүлэхийг хүсье.
Оюутан, төгсөгчийн хэлтэс