МУИС нь Судалгааны их сургууль болох стратеги зорилтоо хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл туурвисан судлаачдаа дагуулан хөрөнгө оруулалт хийж, судалгааны суурь лаборатори, багаа бэхжүүлэх ажлыг эрчимтэй хийсээр байна. Үүний нэгээхэн хэсэг болох Сургалтын нэгдсэн лаборатори ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. БСШУ-ны сайд Л.Гантөмөр нээлтийн тус лабораторийн нээлтийн арга хэмжээнд оролцсоны зэрэгцээ МУИС-ийн шинэчлэлийн үйл явцтай танилцлаа.
Өнгөрсөн онд БШУ-ны сайдын багцаас судалгааны 8 лабораторит 631,2 сая, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд судалгааны 6 лабораторит 733,3 сая, нийт 1 тэрбум 365 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж, судалгааны материаллаг орчин урьд өмнө байгаагүй хэмжээгээр сайжирсан. Мөн түүнчлэн гадны нэр хүндтэй их сургуулиудад эрдмийн зэрэг хамгаалаад ирсэн эрдэмтэн судлаачдаа дагуулан хөрөнгө оруулалт авч, гадны эрдэмтэд, ЭШ-ний байгууллагуудтай хамтран судалгааны төсөл дээр ажиллах, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц өндөр мэдлэг чадвар бүхий хүний нөөцтэй, салбар дундын судалгааны орчин үеийн лаборатори байгуулж, шинэ мэдлэг, технологи үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байгааг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батхүү энэ үеэр онцолсон юм.
Сайд Л.Гантөмөр МУИС-ийн судалгааны лабораториудтай танилцах үеэр “Дэлхийд хэрэгтэй байгаа судалгаа МУИС-д хийгдэж байна” хэмээгээд энэ судалгааны томоохон бүтээлүүдийг хэрхэн хэрэгжүүлж, бодит ажил болгох тал дээр менежмент хэрэгтэй юм гэдгийг сургуулийн удирдлагуудад онцлон хэлж байсан юм.
Мөн МУИС-д хэрэгжиж буй Сургалтын шинэчлэлийн үйл явцын талаар салбарын сайддаа товч танилцуулаад амжсан. Сургуулийн бүтэц өөрчлөгдөж журам, хөтөлбөрүүд шинэчлэгдсэн, оюутны суралцах, амьдрах орчин эрс сайжирсан, оюутанд үйлчлэх үйлчилгээг бүрэлдэхүүн 5, харьяа 2 сургууль дээр Сургалтын албуудыг байгуулсан, Түргэн үйлчилгээний цэг машиныг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, Номын сангууд чөлөөт сонголттой болж эхэлсэн, МУИС-ийн Оюутны байгууллага, клубуудын ажил хэргээ явуулах танхим засч байгуулсан зэрэг олон ажил хийгдсэн, мөн хийгдэж байгаа талаараа дуулгалаа.