Боловсрол, шинжлэх ухаан, бизнесийн уялдаа холбоог бэхжүүлэх, сургалт судалгаа, төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Сургууль болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулж, МУИС-ийн ректор Б.Очирхуяг болон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар гарын үсэг зурснаар хоёр байгууллагын хамтын ажиллагааны дараагийн шинэ үеийг эхлүүллээ.

Санамж бичгийн хүрээнд талууд дараах голлох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
- Эрдэм шинжилгээ, судалгаа, шинэ технологи, инновацын төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх;
 - Бизнес эрхлэгчид, танхимын гишүүн байгууллагууд болон танхимын ажилтнуудад зориулсан дунд, богино хугацааны сургалтыг зохион байгуулах, хамтарсан сургалтын хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэх;
 - Оюутнуудын мэргэжлийн дадлага, ажил эрхлэлтийг дэмжих хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
 - Эдийн засаг, бизнесийн чиглэлээр хамтарсан судалгаа, шинжилгээ хийх;
 - Гарааны компани, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх судалгаа-туршилт хэрэгжүүлэх, технологи бойжуулах, дамжуулахад хамтрах;
 - Шинэ технологи, инновац, энтрепренер, гарааны компанийн хөгжүүлэлт зэрэг чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, семинар, үндэсний хэмжээний чуулган, экспо, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг багтаж байна.
 


Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулснаар боловсрол, шинжлэх ухаан, бизнесийн салбар хоорондын уялдаа холбоог гүнзгийрүүлэх, эдийн засгийн бодит хэрэгцээнд нийцсэн мэдлэг, инновацыг дэмжих, нийгэм, эдийн засгийн хөгжилд судалгаа, шинжилгээний үр дүнг бодит амьдралд хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал болов.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

