“STEM салбарт охидыг дэмжих” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Share Button

Women Empowerment Mongolia (WE Mongolia) ТББ нь АНУ-д бүртгэлтэй ашгийн бус эмэгтэйчүүдийн байгууллага. Бидний эрхэм зорилго бол охид эмэгтэйчүүд, ялангуяа зорилтот бүлгийн иргэдийн хувь хүний хөгжилд хөрөнгө оруулж, STEM боловсролыг хүртээмжтэй болгох замаар жендэрт суурилсан гадуурхлыг арилгахад оршино.

Тэтгэлгийн зорилго

  • Мэдээллийн технологи, инженерингийн чиглэлээр суралцан, улмаар мэргэжлээрээ ажиллах чин хүсэлтэй, сурлага сайтай охидыг дэмжин, санхүүгийн болон техникийн тусламж үзүүлэх.
  • STEM (шинжлэх ухаан, технологи, инженеринг, математикийн) салбар дахь жендэрийн харьцааг тэнцүүлэх, тэгш боломжийг хангах тухай Тогтвортой Хөгжлийн 5-р зорилгыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулах.

Тэтгэлгийн хэмжээ

WE Mongolia ТББ-гаас 5 дахь жилдээ хэрэгжүүлж буй “STEM салбарт охидыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд МУИС-ийн 8 эмэгтэй оюутныг сонгон шалгаруулж тус бүр 1,000,000 төгрөгийн сургалтын тэтгэлэг олгоно.

Тэтгэлгийн онцлог

Энэхүү тэтгэлэг нь шалгарсан оюутан тус бүрд 1,000,000 төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээс гадна, тэднийг 6 сарын хугацаанд нийт 80 гаруй цагийн сургалт, уулзалт, арга хэмжээнд хамруулж хувь хүний хөгжлийг олон талаас нь дэмждэгээрээ онцлог юм. Тухайлбал, мэргэжил таниулах аялал, технологийн салбарын эмэгтэйчүүдийн чуулган, “Role Model” сургалтанд оролцохоос гадна бодит төсөл дээр багаар ажиллаж, техникийн болон зөөлөн ур чадвараа хөгжүүлэх сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцоно. Хөтөлбөрийн эцэст,  ахлах ангийн охидод зориулсан зуны сургалтанд оролцож, мэргэжлээ таниулах сайн дурын ажлын туршлага хуримтлуулах болно. Энэхүү зуны сургалтанд оролцсон цагийг МУИС-ийн шинэ журманд заасан нийгэмд тустай ажил хийх шаардлагыг хангасанд тооцуулах боломжтой.

Хөтөлбөрийн бүх арга хэмжээнд тасралтгүй оролцсон бөгөөд тодорхой шалгуурыг хангасан оюутнуудад зөөврийн компьютер олгоно.

Хөтөлбөрийн хугацаа: 2026 оны 1-р сараас 6 сарын хугацаанд. Хөтөлбөр эхлэх/дуусах өдрийг жич зарлана.

Тавигдах шаардлага

  • 2025-2026 оны хичээлийн жилд МУИС-ийн 3-р түвшний суралцагч байх.
  • Мэдээллийн технологи, компьютерийн ухаан, програм хангамж, электроник, инженерингийн чиглэлээр мэргэшиж буй суралцагч байх.
  • Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх.
  • Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх.
  • МУИС-ийн СиСи системд байгаа бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх.
  • Хөтөлбөрийн хугацаанд зохиогдох бүх арга хэмжээнд биеэр оролцох (хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд) боломжтой байх бөгөөд 2026 оны 6-р сард зохиогдох ахлах ангийн охидод зориулсан зуны сургалтыг дуустал Улаанбаатарт байх.
  • Өөрийн сонирхсон чиглэлээр хичээлээс гадуурх дугуйлан, олимпиадад амжилттай оролцож байсан эсвэл сайн дурын ажлын туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

  1. Тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягт
  2. Ерөнхий Боловсролын гэрчилгээний хуулбар
  3. Дүнгийн тодорхойлолт
  4. Зөвлөх багшийн тодорхойлолт – 1 хувь
  5. Ганцаараа авахуулсан зураг – 1 хувь (сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд байгууллагын цахим хуудсаар мэдээлэхэд ашиглана)
  6. Доорх сэдвээс аль нэгийг сонгон 1-3 хуудас эсээ бичих
  • Би яагаад ________ мэргэжлийг сонгосон бэ?
  • STEM тэтгэлэгт хамрагдсанаар ямар боломж нээгдэж байна? Түүнийг хэрхэн ашиглах вэ?
  • Ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
  • Чөлөөт сэдэв

Нэмэлт материалууд:

  1. Олимпиадад оролцож байсан бол, тодорхойлолт эсвэл гэрчилгээний хуулбар
  2. Сайн дурын ажил хийж байсан бол, тодорхойлолт эсвэл нотлох баримт

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 12  дугаар  сарын  3-ний  өдрийн 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны 306 тоот өрөө, Оюутны хөгжлийн газарт хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.

Өмнөх жилүүдийн хөтөлбөртэй холбогдох мэдээллийг https://www.wemongolia.org/stem-scholarship цахим хуудаснаас сонирхоно уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар