МУИС-д “Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв” нээгдлээ

Share Button

Өнөөдөр /2018.06.08/ “Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв”-ийн нээлтийн ёслол МУИС-д боллоо. Нээлтэд  МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, АЮФ-ийн Ази-Номхон далайн бүсийн захирал,  доктор, профессор Софи Годөфруа, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Францын Парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак, МУ-ын гавьяат багш, доктор, профессор Г.Буяннэмэх, “Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв”-ийн захирал, доктор, профессор Б.Алтангүл болон бусад холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн багш нар оролцсон юм.

 

“Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв”-ийг нээснээр хөгжингүй орны их, дээд сургуулийн хөтөлбөр, сургалт, судалгааны арга барил, туршлагыг нутагшуулах, магистр, докторын хамтарсан болон сэндвич хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүх салбар, чиглэлүүдээр сурч, ажилладаг франц хэлт оюутан, багш, мэргэжилтнүүдийг дэмжих, олон улсын онлайн номын сангийн эрх авах, зайн сургалт болон энтерпрёнершипийг хөгжүүлэх, Инновацийг дэмжиж гарааны компани байгуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх олон сайхан боломжуудыг бий болгоно. Энэ бүх үйл ажиллагаа МУИС-ийн стратеги төлөвлөгөөний багшийн чадавхийг нэмэгдүүлэх, хамтарсан судалгаа, хөтөлбөр хэрэгжүүлэх, инновацийн соёлыг төлөвшүүлэх зэрэг зорилтод хүрэхэд өндөр хувь нэмэр оруулах юм. МУИС-ийн “Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв” МУИС-д франц хэл суралцаж буй оюутнуудыг мэдээллээр хангах, цаашид үргэлжлүүлэн суралцах боломжийн тухайд зөвлөгөө өгөх, хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг хангах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна.

Монгол Улсын Их Сургууль 1963 оноос эхлэн франц хэлний сургалтыг явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 500 гаруй мэргэжилтэн төгсгөж франц хэлт үндэсний хэмжээний боловсон хүчнийг бэлтгэж байна. Дэлхий дээр 350 сая гаруй хүн франц хэлээр хэлэлцдэг гэж үздэг, франц хэл НҮБ, ЮНЕСКО-ийн албан ёсны бичгийн хэл, Олон улсын Олимпийн хороо зэрэг олон улсын олон байгууллагын албан ёсны хэл билээ. Франц хэлээр сургалт эрхэлдэг дэлхийн 100 гаруй орны 860 гаруй их, дээд сургуулийг нэгтгэсэн Франц хэлтэн орнуудын их, дээд сургуулийн холбоонд манай сургууль 2013 онд элсэн орсон. Монгол Улс Ази-Номхон далайн бүсэд хамаардаг бөгөөд 90 гаруй их, дээд сургууль хамрагддаг байна.

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан арга хэмжээ болох “Монголын өв соёл” нэрт франц хэлт оюутны анхны зуны сургалтыг 2016 онд амжилттай зохион байгуулсан. Мөн МУИС 2018 оны 8 дугаар сард “Монгол дахь аялал жуулчлалын өнөөгийн байдал” сэдвээр 2 дахь зуны сургалт явуулахаар төсөл нь шалгараад байна.