МУИС-ийн 73 дахь төгсөлт, Эрдмийн баяр боллоо

Share Button

Өнөөдөр /2018.06.22/ Монгол Улсын Их Сургуулийн 73 дахь удаагийн төгсөлтийн Эрдмийн баяр болж 2017-2018 оны хичээлийн жилд МУИС-ийг төгсөж буй Докторын зэрэгтэй 13, Магистрын зэрэгтэй 323, Бакалаврын зэрэгтэй 1990, нийт 2235 оюутны төлөөлөл шилдэг 100 төгсөгчид диплом, энгэрийн тэмдгийг гардууллаа. Эрдмийн баярын үйл ажиллагаанд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн дэд захирлууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал, удирдлагууд болон УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Ардын уран зохиолч Т.Галсан зэрэг хүндэт зочид оролцов.

   

Эрдмийн баярын үйл ажиллагааг нээж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “МУИС-ийн “Эрдмийн баяр” нь Монгол Улсын хөгжлийг түүчээлэх шилдэг залуусаа ажил, амьдралын хатуу ч гэлээ амттай амьдрал руу үдэн гаргадаг үдэлтийн баяр ч гэлээ эх орноо хөгжүүлж, тив дэлхийд нэрээ цуурайтуулах цаг нь болсон хэмээн ташуур өгөн мордуулж буй бахархлын баяр” хэмээн тэмдэглээд “Төгсөгчдийн хувьд төрөлх сургуулиараа бахархах, үндэсний тэргүүлэх их сургууль МУИС-ийнхаа нэр хүндийг өргөх, эх орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулах, нийгмийн сайн сайхны төлөө мэдлэг боловсролоо зориулах итгэл үнэмшлийг төрүүлдгээрээ чухал ач холбогдолтой” гээд нийт төгсөгчдөдөө амжилт хүссэн юм.

Ардын уран зохиолч Т.Галсан “МУИС бол эрдэм ном, хүнлэг чанар, авьяас билгийг бүтээдэг оюуны их уурхай юм. Төгсөгч та бүхэн онолын мэдлэгийг сургуулиасаа авлаа. Одоо амьдралын их сургуульд алхан орж практик мэдлэгийг олж аван хос жигүүртэй холч бүргэд адил болоорой” хэмээн ерөөв.

Эрдмийн баярын үеэр “МУИС-Хакатон 2018” оюутны шилдэг санаа, санаачилгыг шалгаруулах шилдэг төслийн уралдааны шагнал гардуулах ёслол болж ялагчдад төслийн санхүүжилтийг гардуулав.

Эрдмийн хэт цахиваас Хөгжлийн гал бадармой.