МУИС, ZTE ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Share Button

2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр МУИС-ийн удирдлага БНХАУ-ын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын дэлхийд тэргүүлэгч корпорациудын нэг болох ZTE ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд талууд ерөнхий хамтын ажиллагааны санамж бичиг, мөн Мэдээллийн технологи, электроникийн сургуультай салбар хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээлээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь мэдээлэл, харилцаа холбоо болон дэвшилтэт технологийн чиглэлд өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд сургалт, судалгаа, инновацийг хослуулсан үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. Талууд хамтран сургалтын модуль, хөтөлбөр, сургалтын нөөцийг боловсруулж, танхим болон цахим хэлбэрийн сургалт, “boot camp”, семинар, сургалт зохион байгуулахын зэрэгцээ сургагч багш, байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх, оюутнуудын дадлага, үйлдвэрлэлийн туршлага, ажлын байрны холболтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Мөн ZTE компанийн олон улсын шилдэг туршлага, технологийн мэдлэгийг хуваалцах, 5G болон кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан сургалт хэрэгжүүлэх, судалгаа, хөгжлийн хамтарсан төслүүдийг санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байна.

Ерөнхий хамтын ажиллагааны санамж бичигт МУИС-ийн талаас Ректор Проф. Б.Очирхуяг, ZTE ХХК-ийн талаас Гүйцэтгэх захирал Тулгуур нар гарын үсэг зурж, хоёр байгууллагын стратегийн хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Харин салбар хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт МУИС-ийн талаас Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн захирал Проф. Б.Ганбат, ZTE ХХК-ийн талаас Технологийн албаны захирал Wang Haishi нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Талууд цаашид Монголын залуусын дунд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, дижитал шилжилт, инновацийг дэмжих хамтарсан сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Монгол Улсын дижитал хөгжлийг хурдасгахад хувь нэмэр оруулах зорилгоор хамтран ажиллахаар тохиролцов.

Уулзалтад МУИС-ийн талаас Ректор Проф. Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Проф. С.Гомбобаатар, Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн захирал Проф. Б.Ганбат, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Дэд проф. Н.Угтахбаяр, тус тэнхимийн Дэд проф. Д.Баттулга нар тус тус оролцов. Харин ZTE ХХК-ийн талаас Гүйцэтгэх захирал Тулгуур, Техникийн албаны захирал Wang Haishi, ZTE корпорацийн 1-р бүс хариуцсан Санхүүгийн хэлтсийн захирал Yahong Zheng, Санхүүгийн албаны захирал Wang Tianci, Хүний нөөцийн албаны захирал Билэгт нар оролцлоо.

Энэхүү хамтын ажиллагаа нь их сургууль, аж үйлдвэрийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, мэдээлэл, харилцаа холбоо, дижитал технологийн салбарт Монгол Улсын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, шинжлэх ухаан, боловсрол, инновацийн уялдаа холбоог дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар