ЭМГЭНЭЛ
Маналжав овогтой Цоозол (1944-2025 он)
МУИС-ийн Цаг уур, ус судлалын тэнхимийн ахмад багш, Доктор, Профессор Маналжав овогтой Цоозол нь тэнгэрийн орондоо одож, Монгол улсын цаг уурын салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
М.Цоозол нь 1944 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Наран, одоогийн Халиун сумын нутагт Маналжавын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр 1967 онд МУИС-ийн “Цаг уурын инженер”-ийн бакалаврын зэргийг эзэмшсэн цаг үеэс эхлэн өөрийн бие сэтгэлээ тус салбарын боловсрол, шинжлэх ухааны хөгжилд бүрэн дүүрэн зориулж ирсэн МУИС-ийн бахархал, ирээдүй хойчийн түүчээ болсон ахмад багш нэг байсан юм.
1967-1970 онд Говь-Алтай аймгийн Ус цаг уурын товчооны дарга, инженер, 1970-1972 онд Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн инженер, ахлах инженер, 1972-2013 онуудад МУИС-ийн багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх профессор зэрэг ажлуудыг нөр их зүтгэл гарган, ачаалал өндөртэй ажлуудыг амжилттайгаар хийж дүүргэсэн.
М.Цоозол нь 1995 онд МУИС-ийн дэд профессор, 2006 онд профессор цол хүртэж, 2000-2003 онд МУИС-ийн Ус, цаг уур, экологийн тэнхимийн эрхлэгчээр, 2007-2013 онд МУИС-ийн Цаг уур, ус судлалын тэнхимийн зөвлөх профессороор ажиллаж байв.
М. Цоозол нь 1993 онд “Монгол орон дахь аянгын үзэгдэл” сэдвээр Докторын зэрэг хамгаалсан. Түүний “Монгол орны нутаг дэвсгэр дээрхи аянга цахилгааны иж бүрэн цуврал судалгаа” нь үйлдвэрлэлд нэвтэрч Монголын цаг уур, уур амьсгалын салбарт нэгэн шинэ хуудсыг нээсэн байдаг. Хожим нь циклон, фронт, хур тунадас, агаар мандлын процессод уул зүй нөлөөлөх байдал болон бичил уур амьсгалын чиглэлээр хэд хэдэн дорвитой судалгаа хийж ном, сурах бичгүүд хэвлүүлсэн юм.
М.Цоозолын хийсэн “Монгол орны аянгын зураг” нь манай орны барилга, байгууламжийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл зохиоход улс орон даяар ашиглагддаг бөгөөд нэг жилд ойролцоогоор 200-300 объектын төсөл зохиоход хэрэглэгдсээр байна. Түүний судалгааны үр дүнгүүд нь 120 орчим эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл болон гадаад, дотоодын сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр нийтлэгдэж олон нийтийн хүртээл болсоор байна.
М. Цоозол нь нийт 42 жилийн турш Монгол улсын их сургуульд багшилж, ирээдүйн улс орны аюулгүй байдлын тулгуур болсон цаг уурч, ус судлаач, уур амьсгал судлаачдыг төрүүлж, бэлтгэн гаргасан гавьяатай хүн байлаа.
Тэрээр олон зуун шавь нараас нь 30 гаруй боловсролын докторууд төрөн гарсан байдаг. Тэр дундаа 5 шавийнхаа эрдмийн ажлыг удирдан боловсролын докторын зэргийг хамгаалуулсан ба МУИС-ийн Профессор цолыг хүртсэн анхны цаг уурч эрдэмтэн юм. Мөн МУИС-ийн эрдмийн зөвлөл, Газарзүйн ухаанаар доктор хамгаалуулах улсын эрдмийн зөвлөлийн гишүүн, УЦУЭШХүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Зохиомлоор хур тунадас оруулах ба таримал ургамлыг мөндрөөс хамгаалах БОХЯ-ны “Хурын шим” төвийн эрдэм шинжилгээний удирдагч, Эко-Ази дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн зэрэг эрдэм судлалын ажлуудыг олон жил амжилттай гүйцэтгэн өөрийн шавь сургалтын тулгын чулууг баттай тавьсан гарамгай эрдэмтэн байсан.
Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн бөгөөд гавьяаны амралтанд гарах хүртлээ сургалт, судалгаа эрдэм шинжилгээний ажлаа тасралтгүй, чанартай хийж гүйцэтгэсээр ирсэн нь түүний 2005-2009 онуудад удирдаж гүйцэтгэсэн “Усны уурын конденсаци”, “Агаар мандал ба дэвсгэр гадаргын хоорондын масс солилцоо” сэдэвт шинжлэх ухаан, технологийн сангийн санжүүжилттай суурь судалгааны төслүүд юм.
Профессор М.Цоозолын хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Ус, цаг уурын албыг удирдах газрын жуух бичиг (1978, 1986), “Ардын боловсролын тэргүүний ажилтан” (1992), Ардын боловсролын ойн медаль (2001), “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” (2002), “Байгаль орчны тэргүүний ажилтан” (2004) цол тэмдэг, 2001 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнаж байжээ.
Тэрээр хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, шулуун шударга зантай, шавь нартаа үлгэр дуурайлал болсон, салбартаа болон нутаг усандаа нэр хүндтэй, бахархал дүүрэн хүн байлаа.
Та минь эх нутгийнхаа хөрсөнд, мөнх хөх тэнгэр дор амгалан нойрс доо.
Ум сайн амгалан болтугай.
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухааны Сургууль
Байгалийн Ухааны Салбар
Цаг уур, ус судлалын тэнхим