МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн харьяа Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв (НАИТСТ)-ийн захирал Др. А.Батхишиг, судлаач Др. Н.Болдмаа нар Хөөрөх тавцан сургуулийн захирал, терапистуудтай хамт Японы Шукутоку их сургуульд тус сургуулийн Хүүхдийн хөгжлийн клиник төв (ХХКТ)-ийн захирал Миеко Икехатагийн урилгаар зочиллоо. Хүүхдийн хөгжлийн клиник төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ялангуяа оюун ухааны бэрхшээл, аутизм, суралцахуйн бэрхшээлтэй сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхэдтэй ажиллаж ирсэн 50 гаруй жилийн туршлагатай төв юм.
Монголын төлөөлөгчид Шукутоку их сургуулийн удирдах зөвлөлийн дарга, профессор Масатоши Хасегава, Шукутоку их сургуулийн ректор, профессор Ямагучи Кожи нартай уулзсан. Уулзалтын үеэр Др. А. Батхишиг Монголын төлөөлөгчдийг сэтгэл харамгүй, өгөөмөр хүлээн авч буй Шукутоку их сургуулийн профессор багш, ажилтан албан хаагчдад талархаж буйгаа илэрхийлэн, хоёр сургууль хийгээд төвүүдийн хамтын ажиллагааг улам их хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Улмаар НАИТСТ-ийн захирал Др. А. Батхишиг, ХХКТ-ийн захирал профессор Миеко Икехата, Төгсөлтийн дараах сургуулийн профессор, Др. Жосеф Гохори, Хөөрөх тавцан сургуулийн захирал Др. Б. Солонго нар цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлон НАИТСТ ба ХХКТ болон ХХКТ ба Хөөрөх тавцан сургуулиудын хооронд хамтран ажиллах санамж бичгүүдийг эцэслэхээр тохиров.
Монголын төлөөлөгчид Хүүхдийн хөгжлийн клиник төвд ажиллаж, янз бүрийн насны хүүхдийн мэдрэхүй, хүрэлцэхүй, симболик болон хөгжлийн чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн дөрвөн шатны ганцаарчилсан болон бүлгийн заслын сургалтуудыг ажиглан тус төвд сайн дураар ажилладаг нийгмийн ажил, сэтгэл судлал, тусгай боловсрол, асрахуйн чиглэлээр суралцдаг оюутнуудын кейс зөвлөгөөнд оролцсон байна.
НАИТСТ-ийн захирал Др. А. Батхишиг, төвийн судлаач Др. Н. Болдмаа нар “Монгол дахь боловсролын байгууллагууд дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамгаалал ба үндсэн эрх” сэдвээр, захирал Др. Б. Солонго “Хөөрөх тавцан сургуулийн хүртээмжтэй хөгжлийн хөтөлбөрүүд” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. Уг хэлэлцүүлэгт Шукутоку их сургуулийн ХХКТ-ийн судлаач, суралцагчид, Олон улсын нийгмийн ажлын Азийн судалгааны хүрээлэн (ОУНААСХ)-гийн судлаачид оролцсон. Дараа нь Монголын төлөөлөгчид ОУНААСХ-гийн захирал, профессор, Др. Норико Тоцука, төвийн ахлах судлаач, профессор Кана Мацау нар болон Др. Жосеф, профессор Юзике Фужимори нартай Др. А. Батхишиг нь Буддист нийгмийн ажлын чиглэлээр хамтран ажилласан судалгааны төсөл болон цаашид хамтран ажиллах чиглэлээр ярилцсан.
Японы Шукутоку их сургуулийн ХХКТ-ийн захирал профессор Миеко Икехата, профессор, Др Жосеф Гохори, ОУНААСХ-гийн захирал, профессор, Др. Норико Тоцука, ахлах судлаач, профессор Кана Мацау болон найрсаг, тусч ажилтан, суралцагч нарын дэмжлэгээр энэхүү ажлын айлчлал үр дүнтэй, ажил хэрэгч болж өндөрлөлөө.