Монгол – Хятадын математикчдын хамтарсан арга хэмжээ МУИС дээр боллоо

Share Button

Монгол, Хятад улсын математикчдын санаачилгаар зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурал болон хоёр улсын математикчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх цуврал уулзалтууд 2025 оны 10 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд МУИС-ийн Математикийн тэнхим дээр амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн арга хэмжээнд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан ШУС-ийн захиргаа, Монголын Математикийн нийгэмлэг (ММН), МУИС-ийн хамтын ажиллагааны газар, МУБИС-ийн математикийн тэнхим,  МУИС, ШУТИС-ийн хэрэглээний математикийн тэнхимд талархал илэрхийлье.

МУИС-ийн Хүндэт доктор, Фильдсийн шагналт математикч Ефим Зелмановын дэмжлэг, оролцоотойгоор 2025 оны 10 дугаар сарын 6-7 өдрүүдэд МУИС-ийн эрдмийн танхимд болсон эрдэм шинжилгээний хуралд БНХАУ-ын талаас Академич профессор Жипин Жан (Peking University), Бразилын ШУА-ийн жинхэнэ гишүүн SUSTech-ийн дэд захирал, профессор Вячеслав Футорни, Черн-Институтийн захирал профессор Чэнмин Бай, SUSTech-ийн Математикийн тэнхимийн эрхлэгч профессор Цин Шиан нарын судлаачид оролцов. 2025 оны 10 дугаар сарын 6,7,8 өдрүүдэд болсон хамтын ажиллагааг хөгжүүлэх цуврал уулзалтыг профессор Е.Зелманов, SUSTech их сургуулийн олон улсын харилцааны газрын захирал Хон Вэй, Nankai их сургуулийн дэд захирал Чэнмин Бай нар тэргүүлэн оролцлоо.

THE FIRST CHINA-MONGOLIА JOINT CONFERENCE ОN MATHEMATICS

10 дугаар сарын 6 өдөр: МУИС-ийн Эрдмийн танхимд болж өнгөрсөн олон улсын математикийн эрдэм шинжилгээний хурлыг ШУС-ийн захирал профессор Б.Болд-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлж нээлээ. Хоёр улсын математикчдын анхны эрдэм шинжилгээний хуралд математикийн онолын чиглэлээр ажиллан дэлхийн тэргүүлэх судлаачид ач холбогдол өгдөг сэдвүүдээр үр дүн гаргаж буй манай улсын тэргүүлэх дөрвөн судлаач урилгаар оролцож, илтгэл хэлэлцүүлсэн. Энэ өдрийн хуралд манай улсыг төлөөлж МУИС-ийн хэрэглээний математикийн тэнхимийн профессор А.Галтбаяр, математикийн тэнхимийн профессор Г.Баярмагнай нар өөрсдийн судалгааны ажлаар илтгэл хэлэлцүүлж сүүлийн үеийн үр дүнгээ танилцуулсан. Хурлын үндсэн үйл ажиллагааны дараа МУИС-ийн хичээлийн II байрны хурлын танхимд МУИС, МУБИС, ШУТИС, ММН-ийн төлөөллүүд, зочин профессорууд оролцсон эхний хамтарсан уулзалт болж 2 орны математикчдын хамтын эрдэм шинжилгээ судалгааг дэмжих, судлаачид солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцож цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавилаа.

10 дугаар сарын 7 өдөр: МУИС-ийн удирдлагууд зочин профессоруудыг хүлээн авч уулзаж хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэхийн зэрэгцээ хоёр орны математикчдын санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Энэ өдрийн хурлыг Бээжингийн их сургуулийн профессор, Академич Жипин Жан нээн зарим шийдэгдээгүй асуудлуудын талаарх сүүлийн үеийн мэдээлэл өгсөн сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн. Манай улсыг төлөөлж ГМАМС-ийн профессор Л.Алтангэрэл, МУИС-ийн математикийн тэнхимийн дэд профессор Д.Хонгорзул  нар өөрсдийн судалгааны ажлаар илтгэл хэлэлцүүлж сүүлийн үеийн үр дүнгээ танилцуулав.

МУИС-ИЙН УДИРДЛАГУУД БНХАУ-ЫН МАТЕМАТИКЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр МУИС-ийн удирдлагууд БНХАУ-ын нэр хүндтэй их сургуулиудын дэд захирлууд, математикийн хүрээлэнгийн удирдлагууд, дэлхийд нэрд гарсан профессоруудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Дараалсан 2 цуврал уулзалтаас бүрдсэн энэ удаагийн арга хэмжээ хоёр орны их сургуулиуд хоорондын эрдэм шинжилгээ, судалгаа, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох болон математикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байв.

Эхний уулзалт МУИС-ийн Ректорын өрөөнд эхэлж, Southern University of Science and Technology (SUSTech), Peking University, Nankai University зэрэг их сургуулиудын төлөөлөгчид болон МУИС-ийн удирдлага, Монголын математикийн салбарын төлөөлөл харилцан мэндчилгээ дэвшүүлэн, их сургуулиудын үйл ажиллагаа, гадаад хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг танилцууллаа. Талууд судалгаа, сургалт, солилцооны хөтөлбөрийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавилаа.

Дараагийн арга хэмжээ МУИС-ийн цахим номын сангийн 402 тоот танхимд үргэлжилж Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Проф.Д.Заяабаатар тэргүүтэй Математикийн тэнхимийн төлөөлөл, Southern University of Science and Technology (SUSTech)-ийн багш судлаачидтай хамтран ажиллах боломж, тэр дундаа хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлэх тухай болон хамтарсан судалгааны хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Хоёр их сургуулийн математикийн хөтөлбөрийн харьцуулсан судалгааг хэлэлцсэний үндсэн дээр 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэхийн өмнө 3+1 хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал нэгдсэн.

Энэ өдрийн уулзалтуудад МУИС-ийн талаас Ректор Проф. Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Проф.С.Гомбобаатар, Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Проф.Д.Заяабаатар, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, Математикийн тэнхимийн эрхлэгч дэд профессор Б.Баяржаргал, ММН-ийн ерөнхийлөгч Л.Алтангэрэл, Математикийн тэнхимийн профессор Г.Баярмагнай, дэд профессор Ц.Сэлэнгэ нар оролцсон.

Хоёр тал хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, магистр болон докторын түвшний хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан солилцох, хоёр тал харилцан эрдэмтэн, судлаачдыг урих хэлбэрээр математикийн шинжлэх ухаанд суурилсан олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилт дэвшүүлэв. Энэхүү уулзалт нь Монгол, Хятадын математикчдын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, МУИС-ийн олон улсын судалгааны чадавхыг өргөжүүлэх, шинжлэх ухаан, инновацaд тулгуурласан боловсролын чанарыг дээшлүүлэхэд чухал түлхэц болох үйл явдал боллоо.

 

Хамтын ажиллагааны газар

Математикийн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар