Зорилго: Монгол Улсын Засгийн Газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилгын хүрээнд “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол” олгох, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн” бэлтгэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Эдгээр зорилтын хэрэгжилтийг хангах, бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гараад байна.
Монгол Улсын боловсролын тогтолцоо нь “шинжлэх ухаанч сэтгэлгээ, зөөлөн ур чадвар, асуудалд суурилсан шүүмжлэн эргэцүүлэх чадамжтай, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, хариуцлагатай гэр бүлийн гишүүн байх дэлхийн монгол иргэн”-ийг бэлтгэхэд чиглэж байна. Энэ хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагуудын үүрэг оролцоо, тэр дундаа оюутан залууст чиглэсэн хөгжлийн хөтөлбөр, нэгдмэл зорилго, цогц бодлогыг тодорхойлоход уг хэлэлцүүлгийн зорилго оршино. Уг зорилгын хүрээнд:
- Дээд боловсролын сургалтын байгууллагад хэрэгжүүлж буй оюутны хөгжлийн өнөөгийн байдал, сайн туршлага, тулгамдаж буй нийтлэг асуудал, тэдгээрийг шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлэх,
- Оюутан, залуучуудыг улс орны хөгжилд хувь нэмрээ оруулахуйц хүний хөгжил, суралцахуй, өв соёл, уламжлал, эх дэлхийгээ хайрлахад суралцсан, хүнлэг, энэрэнгүй, чадварлаг, хариуцлагатай иргэн болж төлөвшүүлэх хөгжлийн цогц бодлого, үзэл баримтлалыг тодорхойлохыг зорилоо.
Хэрэгцээ шаардлага: Монгол улсын хэмжээнд 65 их, дээд сургууль, коллежид нийт 150,282 суралцагч суралцаж байна. Үүнээс нийт суралцагчийн 81,571 буюу 54.3 хувь нь төрийн өмчийн, 60,111 буюу 40.0 хувь нь хувийн өмчийн, 8,600 буюу 5.7 хувь нь олон нийтийн, шашны өмчийн сургуульд суралцдаг. Иймд дээд боловсролын сургалтын байгууллагад хэрэгжүүлэх оюутны хөгжилд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа нь Монгол улсын залуусын хөгжлийн үндэс суурийг тодорхойлох юм.
Монгол улсын нийт хүн амын 14,8 хувийг эзэлж буй залуучуудын хөгжлийг дэмжсэн нэгдмэл үзэл баримтлал, цогц бодлогыг тодорхойлсноор нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд бодитой хувь нэмэр оруулах, хувь хүн, гэр бүл, нийгмийн өмнө хүлээх хариуцлага, хуулиар олгогдсон эрх, үүргээ ухамсарласан иргэн бэлтгэхэд чухал ач холбогдолтой болно.
Хэлэлцүүлгийн үр дүнд: Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутны хөгжил, үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгох, хамтын ажиллагааны суурь тавих
Хэзээ: 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 08:30-13:30
Хаана: Төрийн ордны их танхимд
Оролцогчид: Их, дээд сургуулийн захирал, оюутны хөгжил хариуцсан нэгжийн удирдлага, хариуцсан нэгжийн төлөөлөл, оюутны төлөөлөл
Оюутан залуус та бүхэн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл доорх QR код эсвэл ЭНД дарж “Оюутны хөгжлийн цогц бодлого: Асуудал, шийдэл” үндэсний хэлэлцүүлэгт өөрийн саналаа өгөөрэй. Та бүхний санал оюутны хөгжлийн хөтөлбөр, цогц бодлогыг боловсруулахад үнэтэй хувь нэмэр болно.
Зохион байгуулагч:
- Боловсролын яам
- Монгол Улсын Их Сургууль
Хамтран зохион байгуулагч:
- Төрийн өмчийн 6 их сургууль
- Хувийн их, дээд сургуулиудын нэгдсэн холбоо
Дэмжигч байгууллага:
- Боловсролын ерөнхий газар, Лоринэт сан, Зориг сан