Хурал болох газар: МУИС, Улаанбаатар хот
Хурал болох огноо: 2014 оны 6-р сарын 6 – 10
Зохион байгуулагчид: МУИС-ийн Антропологи, археологийн тэнхим
ШУТИС-ийн Түүх, соёл судлалын профессорын баг
Зүүн Азийн Археологийн Нийгэмлэг нь ОХУ-ын Сибирь, Алс Дорнод,Монгол, Хятад, Япон, Солонгос, Номхон далайн орнууд, Австрали зэрэг орны эртний соёлын асуудлыг археологи, антропологийн олон салбар чиглэлээр судалдаг ашгийн бус мэргэжлийн байгууллага юм. Тус нийгэмлэг олон орны эрдэмтдийн санаачлагаар 1995 онд байгуулагдсан хэдий ч өдгөө таван тивийн хэдэн зуун эрдэмтэн судлаачдыг нэгтгэсэн олон улсад нэр хүнд нь хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болон өргөжин хөгжиж байна.
Зүүн Азийн Археологийн Нийгэмлэг 2 жил тутамд Олон улсын эрдэм шинжилгээний их хурлыг гишүүн орны аль нэг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн зохион байгуулдгаас гадна жил бүр аль нэг улсад эрдэм шинжилгээний бэсрэг хурлыг зохион байгуулж ирсэн болно.
2012 онд Японы Кюшю Их сургуульд болсон 5-р хурлаас 2014 оны ээлжит 6-р их хурлыг МУИС-ийг түшиглэн зохион байгуулахаар болсны дагуу манай оронд 2014 оны 6 сарын 6-10-ны хооронд, харин 7-р их хурлыг АНУ-ын Харвардын Их сургууль дээр тус тус зохион байгуулахаар тогтсон.
Одоогоор Зүүн Азийн Археологийн Нийгэмлэгийн 6-р хуралд 20-иод орны 200 гаруй эрдэмтэд 30 гаруй салбар хуралдаан зохион байгуулан оролцохоор бүртгүүлээд байгаа болно. Энэхүү хурал нь монголын археологийн салбарт зохион байгуулж буй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, эрдэм шинжилгээний өндөр эрэмбэтэй мэргэжлийн нийгэмлэгийн анхны хурал юм.
Уг хурлыг Монгол Улсад зохион байгуулахыг Зүүн Азийн Археологийн Нийгэмлэгийн гишүүдээс зөвшөөрөн баталсан явдал нь монголын археологийн судалгааг дэлхий нийт ихээр сонирхож байгаагийн илэрхийлэл байхын зэрэгцээ монгол улсад энэ шинжлэх ухааны салбарын гүйцэтгэх үүрэг, оролцоо, оруулсан хувь нэмэр, цаашид олон улсын түвшинд хөгжих боломжийг нээн өгч дэмжиж байгаа хэрэг болно.
Зүүн Азийн Археологийн нийгэмлэгийн 6-р их хурлыг манай сургууль дээр зохион байгуулж буй нь тус сургуулийг олон улс орны эрдэмтдэд таниулах, хоёр сургуулийн археологи-антропологийн судалгаа, сургалтын түвшинг олон улсын жишигт хүргэхэд дэмжлэг үзүүлэх, цаашдаа энэ чиглэлээр хамтын төсөл боловсруулан судалгаа хийх, манай эрдэмтэн багш нарын судалгааны ололтыг гадаадын мэргэжлийн эрдэмтдэд таниулан сурталчлах, тэднээс орчин үеийн археологи, антропологийн судалгааны чиг хандлага, арга зүйн талаар шинэ соргог мэдээлэл авах, улмаар манай сургуулийн археологи, антропологийн судалгааны ирээдүйн чиг хандлагыг бодитойгоор тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Монголын археологичдын хувьд тус хурлыг зохион байгуулах нь олон улсын түвшинд ач холбогдолтой байгаад зогсохгүй монголын хэмжээнд сүүлийн жилүүдэд ихээхэн сонирхол татаж, олон судлаач, судалгааны байгууллагуудын өрсөлдөөнийг бий болгоод байгаа өнөөгийн нөхцөлд энэ салбартаа өөрийн байр суурийг бататгах, өрсөлдөгч байгууллагууддаа үлгэр дууриалал болох, эрдэм шинжилгээний чанар чансаа, ур чадвараа мэргэжил нэгтнүүддээ төдийгүй олон нийтэд илтгэн таниулах ач холбогдолтой үйл явдал хэмээн үзэж байна.