Сургуулийн шинэчлэлд нэмэр болох 20 санаа

Share Button

Шинжлэх ухааны сургуулийн газарзүйн тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Г.Нямдаваа “Гадаад орнуудын боловсролын байгууллагын зарим туршлагаас” сэдвээр багш, оюутнуудад зориулан лекц уншлаа.Тэрээр сургуулийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд хамт олны зөв ойлголт, бодит мэдээлэл, санаа бодол, идэвхтэй оролцоо, хамтарсан үйл ажиллагаа нэн чухал болохыг онцлон тэмдэглээд өөрийн очиж үзсэн зарим их, дээд сургуулиудаас ашиглаж болох 20 санааг тайлбарласан нь оролцогчдын сонирхлыг ихэд татаж байв.

2011-06-15 YI zuvluguun

Г.Нямдаваа багшийн лекцийн эхний хэсгийн гол агуулгыг та бүхэнд хүргэж байна. Шаардлагатай бол хамт олондоо энэ лекцийг захиалан уншуулж болох юм байна.

1. Улсын хэмжээнд бүхий л салбарыг хамарсан шинэчлэл явагдаж, төрийн өмчийн дээд боловсролын байгууллагуудыг хамраад байна. Шинэчлэлийн явцаас харахад профессор багш нар, оюутан, магистрантууд янз бүрээр хүлээн авч байна. Шинэчлэлийн нэг чиглэл нь дэлхийн шилэгдмэл их сургуулиудыг дуурайн боловсруулж байгаа хөтөлбөрийн өөрчлөлт. Хөтөлбөрийн шинэчлэл амжилттай хийгдлээ хэмээн Яамны сайд телевизээр бахархан ярьж байгааг сонсож байна. Мэдээж шилдэг сургуулиудыг дуурайх нь зөв. Гэхдээ ямар үзүүлэлтээр тэр сургуулиуд шилдэг болоод байгаа нь илүү сонирхолтой.

Дэлхийн их, дээд сургуулиуд, коллежуудын нэр хүнд, эзэлж буй байр суурийг цөөнгүй байгууллага, янз бүрийн үзүүлэлт аргачлалаар дүгнэж байгаагийн нилээд түгээмэл нь Английн “Times Higher Education” байгууллагын аргазүйгээр 13 үзүүлэлтээр 100 оноогоор үнэлэх үнэлгээний аргачлал.

Дэлхийн 6000 орчим их дээд сургуулийн чансааг 100 оноогоор дүгнэхэд тухайн сургуулийн эрдэмтдийн хэвлүүлсэн бүтээлээс ишлэл зүүлт авсан байдал (нэр хүндтэй 12 мянган сэтгүүлийн сүүлийн 5 жилийн үзүүлэлтээр) нь нийт онооны 32,5%-ийг эзлэх буюу хамгийн өндөр үзүүлэлт болдог байна. Түүний дараа сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанар, нэр хүнд (олон улсын нэр хүндтэй эрдэмтдээс авсан үнэлгээний асуулгын судалгаа)      15,0%, тодорхой салбарт оруулж байгаа хувь нэмэр, нэр хүнд (олон улсын нэр хүндтэй эрдэмтдээс авсан асуулгын судалгаа) 19,5% орж байна. Эдгээрээс гадна олон улсад хэвлүүлсэн бүтээлийн тоог нийт профессор, багш нарын тоонд нь харьцуулсан үзүүлэлт 4,5%, судалгааны ажлын санхүүжилтийн хэмжээг профессор, багш нарын тоонд нь харьцуулсан үзүүлэлт 5,25%, компани ААН-үүдийн санхүүжилтээр хийгдэж буй төслийн оролцогчдын эзлэх хувь 5,5%, сургуулийн эрдэм шинжилгээний ажлын санхүүжилтэнд улсаас олгож буй санхүүжилтийн эзлэх хувь 0,75%, нийт суралцагсдын тоонд профессор багш нарын эзлэх хувь 4,5%, гадаадын болон орон нутгийн багш нарын тооны харьцаа 3,0%, гадаадын болон орон нутгийн суралцагсдын харьцаа 2,0%, докторын зэрэг хамгаалсан бүтээлийн тоо болон нийт профессор багш нарын тооны харьцаа 6,0%, докторын зэрэг хамгаалсан бүтээлийн тоо болон бакалавраас магистрантурт суралцахаар шилжиж буй хүмүүсийн тооны харьцаа 2,25%, багш нараас улс орны томоохон шагнал урамшил хүртэж буй байдал гэсэн үзүүлэлт 2,25%-ийг тус тус эзэлдэг байна. Эдгээрт тухайн сургууль ямар хөтөлбөрөөр сургадаг, ямар агуулга багтдаг гэх мэт үзүүлэлт байхгүй байна.

Улс орнуудаас сургуулиудынхаа зэрэглэлийг ахиулахад ихээхэн анхаарч байгаагийн нэгэн жишээ нь ОХУ-ын 15 их сургуульд ерөнхийлөгч В.Путин зэрэглэлээ ахиулах даалгавар өгч, тус бүрт нь 600 сая төгрөгийн санхүүжилт олгосон мэдээ байна.

Би лекцэндээ өөрийн очиж үзсэн 2014 оны зэрэглэлийн үнэлгээний жагсаалтаар 5-рт орсон  Английн Оксфордын их сургууль,  11-рт орсон Японы Токиогийн УИС, 21-т орсон Сингапурын Үндэсний УИС, 24-т орсон Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулиудын (LSE) зарим туршлагын талаар түлхүү авч ярья. Ганц жишээ дурьдахад Оксфордын их сургуулийн профессор багш нараас 50, Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулиас 16 эрдэмтэн Нобелийн шагнал авсан байна. Миний хувьд эдгээр сургуулийг ийм өндөр нэр хүнд, байр сууринд хүрэхэд чухам юу нөлөөлж байгааг анхаарч, авах боломжтой зарим санааг энэ лекцэндээ хөндөж байна.

2. Аливаа их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаанд тухайн сургуулийн сургалтын чанар шийдвэрлэх үүрэгтэй гол асуудал. Чанартай сургалтын үр дүнд эдгээр сургуулиуд сайн мэргэжилтнүүдийг бэлтгэж, түүгээрээ алдар хүндийг олж, өндөр төлбөртэй, өрсөлдөөн ихтэй, үр өгөөжтэй ажиллах боломж олсон байна.

Миний олж харснаар чанартай сургалтын гол хөшүүрэг нь сургалтын үнэлгээндээ байна.  Өөрөөр хэлбэл шалгалт авах, өгөх, дүгнэх систем нь өөр юм. Английн их, дээд сургууль, коллежуудын сургалтын шалгалт авах журам, байдал нь сургуулийн нэр хүнд, санхүүгийн чадвараас хамаараад ялгаатай байна. Манай орны сургуулиудын адил шалгалт, өгч авдаг нь ч байна. Нэр хүндтэй сургуулиуд нь  шалгалтанд онцгой анхаарч, өөр өөр дүрэм, журамтай юм. Тухайлбал Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургууль шалгалтын үйл ажиллагааг хөндлөнгийн байгууллагад багагүй төлбөр төлж гүйцэтгүүлнэ. Сургалтын төлбөр багатай, нэр хүнд муу сургуулиуд ийнхүү хөндлөнгийн байгууллагаар дүгнүүлэх боломж үгүй бололтой.

Шалгалтын асуулт болон хариултанд ашиглагдах заасан хичээлийн агуулгыг багш бэлтгэж өгнө. Энэхүү асуулт, хариултанд ашиглах материалын агуулга нь тухайн багш хичээлээ онолын ямар түвшинд, шаардлагатай агуулгыг хэр хэмжээнд багтаасан болон шинжлэх ухааны сүүлийн ололт амжилтыг ашиглаж чадсан эсэхийг үнэлэх боломж олгоно. Үүгээрээ сургалтын төвшин, багшийн ажлыг дүгнэх нэг гол үзүүлэлт болно. Шалгалт гэдэг бол зөвхөн суралцагчийн мэдлэгийг дүгнэх төдий зүйл биш тухайн сургалтын үр дүн, багшийн ажилд ч хамаарах чухал ажил байх нь. Иймд шалгалтанд бэлтгэх ажилд аль аль нь сайтар анхаарна.

Манай зарим сургуулиудад багшийн талаар оюутнуудаас авдаг санал асуулгаас өөр багшийн үйл ажиллагааг дүгнэдэг зүйл үндсэндээ байдаггүй. Мэдээж оюутнуудаар багшийн хичээлийн төвшинг үнэлүүлэх боломж үгүй. Нөгөө талаас өөрийн заасан хичээлийг өөрөө дүгнээд л мундаг сургасан багш болно. Хөнгөхөн дүгнэдэг, сайхан харьцдаг гэх багш оюутнаасаа гайгүй үнэлгээ авах тохиолдол ч бий.

3. Шалгалтын явц, дүгнэх байдал нь сургалтын чанарт нөлөөлөх гол хөшүүрэг болдог байна. Учир нь шалгалтыг зохион байгуулж байгаа байгууллагаас шалгалт өгөх ангид орж ирээд хүн нэг бүрийг нэг ширээнд суулган, тусгайлан код өгнө. Тухайн кодыг өгсөн хүмүүс шалгалтын явцад хяналт тавьж, байнга дундуур нь явж, зарим үед хянах камер ажиллана. Ямар нэг байдлаар хуулах, зөвшөөрөгдөөгүй ямар нэг зүйл ашиглах боломж байхгүй. Хэрэв ийм тохиолдол илэрвэл тухайн суралцагч сургуулиас шууд хөөгдөх хатуу дүрэмтэй. Тийм болохоор шалгалт өгч буй суралцагч зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдна.

Шалгалт тасралтгүй 3 цаг үргэлжилнэ. Шалгалтын асуултын агуулгын чиглэл, хариулт нь манайхаас бас ялгаатай. Манайд багшийн хэлж ярьсан зүйлийг давтах байдлаар шууд буцааж хэлэхэд чиглэгддэг. Сайн цээжилсэн суралцагч өндөр үнэлэгддэг. Тэр сургуульд өөр. Шалгалтын асуултын агуулга нь тухайн мэдлэгийг ашиглаад суралцагч сэтгэж, бодож байж хариу бичих, зурах, график, диаграмм зохиох гэх мэт бүтээлч ажлууд байна. Ийнхүү зөвхөн цээжилсэн биш, жинхэнэ мэдлэг болгож эзэмшсэн байдлыг нь шалгаж байна.

Шалгалтын материалыг дүгнэж байгаа байдал нь бас өвөрмөц байсан. Томоохон профессор багш нар шалгалтын материалыг бараг засдаггүй. Ихэвчлэн тухайн чиглэлийн мэргэжлээр сурч байгаа докторантуудад ажлыг хуваарилж өгөөд засуулна. Нэг суралцагчийн ажлыг өөрсдөө мэдэхгүйгээр сургалтын албанаас хуваарилсан 2 багш, докторант засна. Нэг суралцагчийн ажлыг засахад 10 хүртэл фаундын (манайхаар 30000 төгрөгийн) цалин авна. Кодолсон учир хэний ямар ажил гэдгийг мэдэхгүй. Гагцхүү хариултанд ашиглахаар багшийн бэлтгэж өгсөн материалыг харьцуулж уншаад дүгнэнэ. Дараа нь зассан 2 хүн уулзаад, тавьсан дүнгээ материал бүрээр тулгаж үзнэ. Хэрэв өөр өөр дүн тавьсан байвал яагаад тухайн дүн тавьснаа тайлбарлана. Аль зөв гэж үзэж болох дүнгээ зөвшилцөн нэг шийдэлд хүрнэ. Эцэст нь материал нэг бүрийн дүнг тэнхимийн хурлаар хэлэлцээд зөвшөөрвөл тавигдана. Ийнхүү олон шат дамжин дүгнэгдэж, зөвшөөрөгдөх хүртэл удаан хугацаа шаардагдах учир шалгалт авснаас яг нэг сарын дараа дүнгийн хариу тодорхой болж, кодны дагуу эзнийг тодорхойлж, суралцагчийн хувийн хаягаар ирнэ. Дүнг тухайн суралцагч өөрөө л мэднэ.

Шалгалтын ийм хатуу системийг гагцхүү сурч, мэдэж байж л давахаас өөр гарцгүй учир суралцагч хөдөлмөрлөхөөс өөр аргагүй. Энэ явцдаа эрдэм номондоо хичээж, сууж хөдөлмөрлөж сурна. Суралцаж, мэдлэг эзэмших аргыг ч сайн сурна. Үр дүнд нь өөрөө боловсроно. Мэдлэг, чадвартай мэргэжилтэн болно. Ингээд үзэхэд манайд суралцагсад ихэнхдээ цээжилж тогтоохоос эхлээд сургадаг, суралцдаг арга нь ч шинэчлэлийг шаардаж байх шиг.  Сургалтын явцад зохих мэдлэгийг олж авч амжаагүй суралцагч шалгалтын өмнө нэмэлт төлбөртэй давтлага авах нь элбэг. Энэ нь докторант, магистрантууд доод түвшний суралцагсдадаа ганцаарчилсан хичээл зааж, орлого олох нэг боломж.

Тухайн оронд төгсөн гарсан хүнийг ажилд авахад аль сургууль төгссөн гэдэг нь хамгийн чухал үзүүлэлт. Нэр хүндтэй шилдэг сургуулийг амжилттай төгсөх нь өндөр зэрэглэлийн ажилд очих баталгаа болох учир хөдөлмөрлөхөөс халширч сургуулиа орхих боломж үгүй. Нэгэнтээ сурч амжихгүй бол дахин элсэх боломж олдохгүй.

LSE сургуулийн докторантуудтай шалгалтын өмнө уулзах, үнэтэй цагаас нь багасгах ямар ч боломж байхгүй байсан учир шалгалтын дараа нь уулзсан. Тэгэхэд шалгалтын өмнө бүхий л анхаарал, цагаа шалгалтандаа зориулж, асар их ачаалал, стресстэй байсан нь ажиглагдаж, шалгалт өгсөндөө маш их баяртай, сэтгэл хөдөлцгөөсөн байсан. Манайд ийм зүйл бараг ажиглагддаггүй, хэвийн нэгэн болж л байдаг зүйл мэт. Үүнээс харахад тэнд суралцагсдын шалгалтанд хандах хандлага их л өөр, их хэмжээний хүч, хөдөлмөр зарцуулдаг юм байна гэж ойлгогдсон.

Ингээд бодохоор төгсөгчийг төгссөн сургуулийн нэр хүнд, сургалтын чанарын үзүүлэлтээр бус танил талаар, аль нэг намыг болон нэр дэвшигчийг дагаснаар нь ажилтай, албатай болгож байгаа нь дээд боловсролын байгууллагын сургалтын чанар, нэр хүндийн хэрэгцээг сулруулах нэг хүчин зүйл болж байна.

  1. Сургалтын алба

Энэ албаны гол үүрэг нь манайд ч мөн адил сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгддэг хамгийн гол байгууллага. Тэр сургуулиудад суралцагчид болон багш, профессоруудын ажилд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх ажлыг амжуулдаг хүчирхэг бүтэцтэй байсан.  Тухайлбал нэг оюутан ямар нэг байдлаар хичээлдээ сууж амжаагүй байхад хичээлээ нөхөх талаар нь багшийн зүгээс ямар дэмжлэг үзүүлснийг заавал асууж тодруулах жишээтэй. Ялангуяа шалгалтын өмнө бүх хичээл нөхөгдөж, шалгалтаа амжилттай өгөх боломж бүрдсэн байх талд анхаарал хандуулна. Манай сургалтын алба багш, суралцагчид руугаа анхаарал тавьж амждаг юм болов уу даа гэмээр баахан оюутны төлбөр, тооцоо, хуваарь хийх ажилд дарагдсан, ачаалал ихтэй цөөн хэдэн хүн ажиглагддаг.

Сургалтын алба нь хөндлөнгийн хяналтын байгууллагаас шалгалтын агуулга, явцын талаар гарсан санал болон оюутны зүгээс авсан санал асуулгын дүнг үндэслэн шаардлагатай багш нэг бүрт тодорхой мэдээлэл өгч, түүний мөрөөр ажиллуулан хэрхэн ямар үр дүн гарсан талаар тайлан авна. Профессор багш нарын ажлын нөхцөл, шагнал урамшилд ч анхаарна.

Суралцагсад сургалт, эрдэм шинжилгээний ажилд оролцох, профессорын туслахаар ажиллаж орлого олох ажлыг дэмжиж, өрөө байр гарган тусална.

  1. Захиалгат болон хуваарьт лекц

Их сургууль бол шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт, нээлт, мэдээлэл төвлөрч байдаг гол уурхай. Тэр сургуулиудад мэдээллийн төвлөрлийг бий болгох нэг гол хэлбэр нь захиалгат болон хуваарьт лекц юм.

Өндөр төвшний эрдэмтэд, зочдын лекц ихэнхдээ сургуулийн профессор багш нарт зориулагдана.  Лекц нь захиалгат лекц (нилээд өндөр үнээр шаардлагатай сэдэв, чиглэлээр хийгдэнэ), зочны лекц (нэр хүндтэй зочдыг ирэх үед сургуульдаа үлдээж авч буй оюуны хөрөнгө оруулалт),  хуваарьт лекц (сургуулийн профессор багш нар тусгайлан бэлтгэж, хуваарийн дагуу тогтмол хийгддэг) гэх мэт хэлбэрүүдтэй байна. Нөгөө талаас лекц уншиж байгаа хүмүүс өөрийн салбарын шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтыг нэгтгэн, сурталчлан мэдээлэх нэг хэлбэр төдийгүй нэр хүндийн асуудал болно. Лекцийг үр өгөөжтэй зохион байгуулахад сургууль, факультет, тэнхимээс анхаарч, зориулалтын төсөв, санхүүжилттэй байна. Сургуулиас өндөр төлбөртэй лекц уншуулах тохиолдол цөөнгүй бөгөөд хуваарьт лекцэнд оролцогчдын хоол, цай гэх мэт зардлуудыг тэнхимээс гаргаж байсан.

Манайд эдгээр хэлбэрийн лекцэнд сургууль, тэнхимүүд харилцан адилгүй ач холбогдол өгч байгаа нь харагддаг. Зарим сургуульд тогтмолжсон байдаг биз. Зарим хэсэгт нь санаачлага гаргаад ч төдийлөн ач холбогдол өгдөггүй, лекц хийгдэж хэвшээгүй болохоор багш нар нь ч төдийлөн ирдэггүй тал ажиглагддаг.

  1. Гадаадын суралцагчид, профессор багш нарын эзлэх хувь. Энэ нь тухайн сургуулийн олон улсын нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг илтгэдэг учир дэлхийн шилдэг сургуулиудын зэрэглэл тогтооход чухал үзүүлэлтийн нэг болдог.

Тухайлбал LSE-д гадаадын 147 орны суралцагчид суралцаж төгссөн байсан. Сүүлийн жилүүдэд манай орны зарим төрийн болон хувийн их, дээд сургуулиуд энэ талаар багагүй амжилт олж, цөөнгүй орны багш нар ирж ажиллан, гадаадын суралцагчдын тоо нэмэгдэж байна.

Зарим сургуулиуд улс орнуудын шилдэг суралцагсдыг өөрийн сургуулийн зардлаар урьж, тэтгэлэгтэй сургадаг. Тухайн суралцагч нь магистр, докторын зэрэг хамгаалсны дараа улс орондоо төрийн өндөр албанд, олон улсын томоохон байгууллагуудад ажиллах замаар эргээд сургуулийнхаа нэр хүндийг өргөдөг байна.

…Ийм байдлаар Г.Нямдаваа багш дараах асуудлуудыг хөндөж ярив. Үүнд:

      7.  Сургуулийн зэрэглэл тогтоох академик үнэлгээнд нөлөөлөх зарим үзүүлэлт

  1. Докторант, магистрант, оюутны сургалтын түвшний ялгаа
  2. Номын сангийн онцлог
  3. Суралцагсдын хичээлд хандах хандлага, хөдөлмөрлөх онцлог
  4. Суралцагчийн цалин, орлогыг нэмэгдүүлэх арга зам
  5. Сингапурын Үндэсний их сургуулийн зарим онцлог
  6. Төрийн албан хаагч, элитийн боловсролын тухай
  7. Их сургуулийн эрдэм шинжилгээний ажлын зарим онцлог
  8. Германы Карлсруегийн Багшийн их сургуулийн профессор Rother-ийн заах аргын онцлог
  9. Грайсфальдийн хувийн сургуулийн суралцагч нэг бүрийн ахиулах түвшний сургалт
  10. Бийскийн Боловсролын академийн сургуулийн орчноо тохижуулсан туршлагаас
  11. Азийнорнуудыних, дээдсургуулиудынассоциаци
  12. Сургуулийн нэрийн хуудас, бахархал
  13. Хамт олны санал, бодол, оролцооны ач холбогдол

Э.Алтанболд

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар