Саяхан МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл хуралдаж МУИС-ийн Монгол судлалын өнөөгийн байдал, хэтийн чиглэлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хуралд тус хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд болон БСШУЯ-ны Шинжлэх Ухаан Технологийн Газрийн дэд дарга Ө. Сүхбаатар, мэргэжилтэн Ж. Тогтох нарын албаны хүмүүс оролцов.
МУИС-ийн ректор, Монгол Судлалын Хүрээлэнгийн ерөнхийлөгч, Эрдмийн зөвлөлийн дарга С.Төмөр-Очир МСХ-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүдийг танилцуулан, Хүрээлэн монгол судлалын шинэлэг судалгаа эрхлэх, судалгааны шинэлэг орчин бүрдүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөн хүрээтэй явуулах, хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг гадаадын болон дотоодын нэр хүнд бүхий эрдэмтдээс бүрдүүлсэний ач холбогдлыг онцлон тэмдэглээд, Монгол судлалын хүрээнд цаашид хийж гүйцэтгэвэл зохих чухал, тулгамдсан асуудлын талаар тодорхой хүрээнд ярилцаж хэлэлцүүлэг хийх зорилготой хуралдаж байгааг тайлбарлалаа. Тус хуралд МУИС-ийн МСХ-гийн гүйцэтгэх захирал доктор (Sc.D), проф. Ж.Бат-Ирээдүй хүрээлэнгийн бүтэц, үйл ажиллагаа, зорилт, зорилго, 2011 оны 4 дүгээр сараас хойш хийсэн ажлын тухай МУИС-ийн стратегийн төлөвлөгөө (2011-2020), Монгол судлалын төвийн ажлын үр дүн, үйл ажиллагааны тухай, өдгөөгийн МСХ-ийн бүтэц зохион байгуулалт, зорилт, зорилго, үнэт зүйл, удирдлагын хандлага, манлайллын үнэт зүйлс, МСХ-ийн хэвлэлүүд, эрдэм шинжилгээний бодлого судалгааны чиглэл, гадаад бодлого хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын бодлого, өнөөгийн үйл ажиллагааны чиглэлээр нарийн задлан шинжилсэн илтгэл тавьж хэлэлцүүлэв. Энэхүү Эрдмийн зөвлөлийн хурал Монгол судлалын өнөөгийн байдал, төлөв, МУИС-ийн МСХ-ийн үйл ажиллагаа, бодлого чиглэл гэсэн үндсэн хоёр асуудлаар хэлэлцүүлэг үргэлжлэхэд гишүүд идэвхтэй оролцож олон сайхан санал санаачилга дэвшүүллээ. Тухайлбал,
– МУБИС-ийн МоСС, МУИС-ийн МХСС, НШУС, ШУА-ийн ХЗХ, ОУМСХ, МСҮХ зэрэг ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудтай МУИС-ийн МСХ өөрсдийн судалгаа, үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, ямар үүрэг хүлээх зэргийг тодруулах,
– Олон улсын монгол судлалын төвүүдтэй хамтарч ажиллах тал дээр анхаарах, гадаад орны монгол судлаач нарыг Монгол Улсад бэлдэх.
– Монгол судлалын хүрээлэнд судлаачдын оюуны потенциалыг зөв ашиглах, зохицуулах менежмент хэрэгтэйг мөн шинэ үеийн түүх судлах ажлыг эрчимтэй явуулах, цаашлаад Улаанбаатар судлал, хүн ам судлал, гэр бүл судлал гэж нарийсган судлах, Орос-монгол, монгол-хятадын харилцааны талаар судлаач, боловсон хүчин цөөн байгааг анхаарах, үндэсний ашиг сонирхол оюун санааны үнэт зүйлсийг төлөвшүүлэх үйл ажиллагааг явуулах
– Гадаадад буй монгол судлаачдын ихэнхийг МУИС бэлтгэсэн байдаг. Үүнийг үргэлжлүүлж чанаржуулах хэрэгтэй байна. Дотоодод монгол судлаачдыг бэлтгэх тал дээр улсын бодлогод өөрчлөлт хийх .
– ЮНЕСКО үндэсний соёлд тулгуурласан хөгжлийг бий болгоё гэж батласны дагуу эдийн засгийн салбарт соёлын аж үйлдвэржилт явуулж болох ба соёлын эксперт шинжээч нарыг бэлтгэх, улс орон болон үндэснийхээ соёлын онцлогт тохирсон монгол судлалын чиг хандлагыг тодорхойлох.
– Боловсон хүчнийг ажлын байраар хангахад анхаарах, соёл сэтгэлгээндээ тулгуурлан үгийн гарал, үндэсд анхаарч, бүх нийтийн хэлний боловсролд анхаарах,
– Хээрийн шинжилгээний ангийг сэргээж болох ч харин хаана, ямар чиглэлээр явуулахад анхаарал хандуулах.
– Ямар чиглэлийн судалгаа илүү түлхүү монгол судлалд хамаарахыг тогтоох, утга соёлд тулгуурласан билиг ухааныг монгол судлалд оруулах
– Монгол судлал өнөөдөр хаана байна, хөгжлийн төвшин нь ямар байгааг тодорхойлох, эрдмийн зэрэг цол хамгаалуулах зөвлөлийг чанаржуулах зэрэг санал дэвшүүлэн ярилцлаа.
Ийнхүү хэлэлцүүлэгийн төгсгөлд БСШУЯ-ны Шинжлэх Ухаан Технологийн Газрын дарга Ө. Сүхбаатар “Монгол судлалаар орчин үеийн шаардлагад нийцсэн тусгайлсан бодлого үйл ажиллагаа хэрэгжүүлэх чиг хандлагыг маш бодитой төсөл бэлдэн гадаад дотоодын монгол судлаач нарыг дэмжих зочин судлаач эрдэмтдийг урих үндэсний хөтөлбөр хийх, гадаад судлаачдад тэтгэлэг олгох, монгол судлалын ховор номын сан бий болгох, гадаад, дотоодын шилдэг судлаачдын лекц семинар хийх зардлыг хөтөлбөрт тооцож оруулах, пост доктор зэрэг залуу судлаачдыг дэмжих сургалт бий болгох, залуу монгол судлаачдад грант өгүүлэх тухай засгийн газрын төсөл бэлдэх хэрэгтэй байна. Бид дэмжье. Хамгийн гол нь бодитой, тодорхой, барьцтай, үр дүн өгөөж нь ил тод байх хэрэгтэй. Мөн шавь бэлдэх дээр хангалттай төсөв гаргана. Зуны сургалт дээр нээлттэй төсөл зарлая. Мэдлэгийг хэрэглээ болгоё” гэж мэдэгдэв.