Түмэнбаярын Дашцэдэний мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэлээ

Share Button

Хөдөлмөрийн баатар, гавьяат багш, Хүмүүнлэгийн ухааны доктор, профессор Т.Дашцэдэний мэндэлсний 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал  энэ сарын 10-ны Лхагва гарагт МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо. 

mo2014121015010.jpg

 Хурлыг доктор, профессор Ж.Баянсан удирдан явуулсан бөгөөд МУИС-ийн захирал доктор, профессор А.Галтбаяр, Монгол судлалыг дэмжих сангийн захирал Д. Мөнх-Очир нар мэндчилгээ дэвшүүлэв. Хуралд  доктор, профессор Ш.Чоймаа, доктор, профессор Г.Буянтогтох, доктор, профессор Чой. Батсүрэн, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа нар илтгэл тавьж номын нөхөд, оюутан шавь нар нь халуун дотноор дурслаа. 

Т.Дашцэдэн багшийн монгол бичгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд манлайлан оролцож, цаг ямагт зөв сайхны үлгэр жишээ болж байсныг онцлон тэмдэглэж байлаа. Мөн энэ хурлаас нэгэн чухал уриалга гаргасан нь Т.Дашцэдэн багшийн зурснаар монгол бичгийн хөшөө барьж байгуулахад хувь нэмрээ оруулж хандив өргөх тухай байв. 

mo2014121015012.jpg 

Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолыг манай улсын хэмжээгээр хоёрхон багш хүртсэний нэг нь Т.Дашцэдэн багш юм. Тэрбээр боловсролын байгууллагад далаад жил ажиллахдаа багш, удирдах ажил эрхлэхийн зэрэгцээ монгол бичгийн сургалт судалгаа, монгол хэлний үгзүй, “Монголын нууц товчоон”-ын судлалаар дагнан ажиллажээ. Мөн эрдмийн ажлынх нь зонхилох хувь нь монгол бичгийн сургалт, заах арга, зөв бичих зүйн судалгаа эзэлдэг юм. Зөвхөн энэ чиглэлээр гэхэд “Миний монгол бичиг”, “Монгол цэвэр бичиг”, “Монгол бичгийн бага толь”, “Монгол таталган бичиг” зэрэг 20-иод ном сурах бичиг, 80-аад өгүүлэл бичиж нийтлүүлсэн нь монгол бичгийг тогтолцоотой сурах, сургахад жишиг хэрэглэгдэхүүн болжээ.

Ойд зориулж “Тэнгэрийн зардас буюу Түмэнбаярын Дашцэдэн”, “Монгол хэл, бичиг судлал”, “Миний монгол бичиг” номыг хэвлүүлжээ. 

10834050_728935363850212_1732920531_n

10863480_728944767182605_408892869_n

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар