МУИС БОЛОН КҮНЗИЙН ИНСТИТУТ: ҮР ӨГӨӨЖТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Share Button

МУИС-ийн дэргэд Күнзийн институт байгуулагдаад 7 жил гаруй болж байна. Энэ хугацаанд тус институт МУИС-ийн олон арван багш эрдэмтэд түүний дотор хятад хэлний болон хятад судлалын эрдэмтдийг БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажилд хийхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, олон оюутан суралцагчдыг бакалавр, магистр, докторын хөтөлбөрт элсэн сурахад дэмжлэг үзүүлжээ.

Үүний зэрэгцээ МУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний орчинг хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн хичээлийн жилд 50 гаруй сая төгрөгийг тохижилтын ажил хийхэд зориулжээ. Мөн 2014-2015 оны хичээлийн жилд МУИС-ийн Хичээлийн 2 дугаар байрны А заалыг орчин үеийн шаардлага хангасан урлаг соёлын төв болгон тохижуулах МУИС-ийн саналыг хүлээн авснаа Дэлхий дахины Күнзийн институтын IX их хурлын үеэр мэдэгдсэн байна.

Дэлхий дахины Күнзийн институтын IX их хурал энэ жил Хятадын Сямэнь хотод 12-р сарын 6-9-ны өдрүүдэд болов. Эдүгээ дэлхий дээр Оросын Пушкины институт, Германы Гетегийн институт, Энэтхэгийн Индра Гандийн институт, Испанийн Сервантесийн институтын нэгэн адил Күнзийн институт хэмээх шинэ бүтэц буй болоод 10 жил болж байна.

   Өнгөрсөн 10 жилд Күнзийн Институт цоо шинээр үүсэн буй болж, өргөжин тэлсээр Хятад болон дэлхийн улс орнууд хоорондын хэл, соёл, хүмүүнлэгийн харилцааны гүүр, чухал талбар болон хөгжиж байна.

      Эдүгээ дэлхийн 126 оронд 475 Күнзийн Институт, 851 Күнзийн танхим үйл ажиллагаа явуулдаг ажээ. Нийт 3,45 сая хүн суралцдаг. Түүний дотор 61 улс болон Европын холбоо хятад хэлийг тухайн улсын албан ёсны боловсролын хөтөлбөрт оруулсан байна. Одоо дэлхий дээр нийт 100,0 сая хүн хятад хэл бичиг суралцаж байна гэсэн тоо бүртгэл байдаг.

  Жилд нэг удаа тухайн жилийн эцсээр хуралдаж, ажлаа дүгнэж, зорилтоо тодорхойлдог тус хуралд МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, Күнзийн Институтын УЗ-ын дарга проф О.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид оролцов.  

DSC04854

   О.Мөнхбат захирал “Күнзийн институтын соёлын солилцоо, судалгааны үр нөлөө” сэдэвт Дэлхийн их, дээд сургуулийн Захирлуудын салбар хуралдаанд  оролцож илтгэл тавив. 

  МУИС-ийн дэргэдэх Күнзийн институт өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааны чанар, хятад судлалын ажлаараа ямагт тэргүүн эгнээнд явж, 2010, 2012 онд 2 удаа “Дэлхийн шилдэг Күнзийн институтын өргөмжлөл” хүртэж, Монголын талын захирал М.Чимэдцэеэ “Дэлхийн шилдэг судлаач”-ийн шагнал хүртсэн юм.

  200682217354836Өнгөрсөн хугацаанд МУИС-ийн дэргэдэх Күнзийн институт уламжлалт хятад хэлний сургалтаас (анхан, дунд, дээд, HSK шалгалтанд бэлтгэх ) гадна хятад судлалын чиглэлээр “Хятадын сонгодог утга зохиолын дээж” цувралаар  Күнзийн сонгодог бүтээл “Шүүмжлэл өгүүлэл”, “Их суртахуй”, “Хэв дундын ёсон”, “Хятадын эмэгтэй зохиолчдын шилдэг өгүүллэгийн дээж” номуудыг орчуулж, “Бидний мэдэх хийгээд эс мэдэх хятад орон: сэтгэлгээ соёл” судалгааны бүтээл туурвин гаргаад байна.

  Түүнчлэн Күнзийн институтаас эрхлэн “Өнөө цагийн хятад хэл” (анхан, дунд, дээд шатны) иж бүрэн сурах бичиг, “Хятад хэлний түгээмэл хэрэглэгддэг 900 өгүүлбэр” номуудыг монголоор орчуулан хэвлэж байгаа нь их дээд сургуулийн хятад хэлний сургалтанд сонгон үзэх хамгийн орчин үеийн хичээлийн хэрэглэгдэхүүн болох юм.

Ирэх хичээлийн жилд БНХАУ-ын Шандуны их сургуультай багц цаг тооцох гэрээ байгуулж, 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Монголын пүүс компаниудад Хятадын бизнес эрх зүйн орчин, соёл ёс заншлын талаар богино хугацааны сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

                                     МУИСИЙН КҮНЗИЙН ИНСТИТУТ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар