Монголын экологичид Америкийн Экологийн Нийгэмлэгийн ЭШ-ний хурлын үеэр тусгай хуралдаан зохион байгуулна

Share Button

ESA_100th_logoМУИС-ийн Биологийн тэнхмийн Экологийн хөтөлбөрийн хамт олон Монгол оронд хийгдэж буй экологийн судалгааны төлөв, чиг хандлагыг хэлэлцэх, судлаач, суралцагчдын хооронд мэдээлэл солилцох, мэргэжлийн хүрээн дэх хамтын ажиллагааны боломжийг нээн өгөх зорилгоор хоёр жил тутамд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж ирсэн билээ.

Харин 2015 онд Америкийн Экологийн Нийгэмлэг (Ecological Society of America)-ийн 100 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурлын үеэр “Ecosystem Science in Mongolia: Past Research and Future Prospects under a Regime of Increasing Environmental Impacts” сэдэвт тусгай хуралдаан (Special Session 10756) зохион байгуулах саналыг манай экологичид дэвшүүлснийг Америкийн Экологийн Нийгэмлэгээс хүлээн авч, энэхүү тусгай хуралдааныг зохион байгуулахаар хамтарсан бэлтгэл ажил хийгдэж эхлээд байна.

Америкийн Экологийн Нийгэмлэгнь 100 жилийн ойгоо тэмдэглэж буй дэлхийн хоёр дахь мэргэжлийн нийгэмлэг бөгөөд экологийн салбарын үндсэн мэргэжлийн нийгэмлэгүүдийн нэг мөн. Уг нийгэмлэгийг байгуулах тухай шийдвэрийг 1914 онд Филадельфи хотод болсон экологичдийн уулзалтын үеэр гаргасан бөгөөд энэ саналыг гаргасан нэрт экологич Хенри Чандлер Каулес (Henry Chandler Cowles, 1868-1939)-ийг үүсгэн байгуулагч хэмээн үздэг. Харин жил бүр ерөнхийлөгч нь солигдож байдаг дүрэмтэй уг нийгэмлэгийн анхны ерөнхийлөгчөөр алдарт экологич Виктор Эрнест Шельфорд (Victor Ernest Shelford, 1877-1968) ажиллаж байлаа (http://esa.org/history/).

Тус нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хурал жил бүр АНУ-ын өөр өөр хотуудад зохиогддог бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс 6000-10000 экологичид хуран чуулж, экологийн салбарт хийгдэж буй орчин үеийн судалгаа, ололт амжилтын талаар харилцан мэдээлэл солилцох, хэдэн зуун тусгай салбар хуралдаан, сургалт, семинараар дамжуулан экологийн салбарын тэргүүлэх судлаачдаас цоо шинэ мэдлэг эзэмших, судалгааны шинэ аргад суралцах боломжийг бүрдүүлдэг өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Америкийн Экологийн Нийгэмлэгийн энэ удаагийн хуралдаан АНУ-ын Мэриленд мужийн Балтимор хотод 2015 оны наймдугаар сарын 9-өөс 14-ний хооронд зохион байгуулагдана. (http://esa.org/baltimore/).

Америкийн Экологийн Нийгэмлэгийн жил бүрийн эрдэм шинжилгээний хурлын үеэр тусгай хуралдаан зохион байгуулах эрх авах саналуудаас бидний санал шалгарсан нь олон улсын судлаачдын зүгээс Монголд явагдаж буй экосистемийн өөрчлөлт, түүнд тохирсон менежментийн асуудалд ихээхэн ач холбогдол өгч, анхааралтай ажиглаж байгаагийн төдийгүй, Монголд хийгдэж буй экологийн судалгааны түвшинд үнэлэлт өгч байгаагийн илрэл гэж үзэж байгаа юм. Иймд бид энэхүү тусгай хуралдаанд онцгой ач холбогдол өгч оролцох бөгөөд хоёр жил тутамд Монгол улсад зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурлыг үүгээр орлуулж байгаа болно. Уг тусгай хуралдааныг зохион байгуулахад болон Америкийн Экологийн Нийгэмлэгийн 100 дахь удаагийн хуралд оролцох хүсэлтэй байгууллага, судлаачдыг хамтран ажиллахыг урьж байна. Бидэнтэй ecology@num.edu.mn хаягаар холбогдож болно.

Хэрвээ та Америкийн Экологийн Нийгэмлэгийн 100 дахь удаагийн эрдэм шинжилгээний хуралд оролцохыг хүсч байгаа бол илтгэлийн хураангуй хүлээн авах хугацаа 2015 оны хоёрдугаар сарын 26-нд дуусах http://esa.org/baltimore/abstracts/contributed-talks/; http://esa.org/baltimore/abstracts/contributed-posters/) бөгөөд бидний зохион байгуулах тусгай хуралдааны дугаар нь 10756 болохыг (Special Session 10756) анхаарна уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар