Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг эрчимтэйгээр хөгжиж түүнийг даган дэд бүтцийн барилгын ажил, томоохон төслүүд ихээр хэрэгжих болсон ч барилга, үйлдвэрлэлийн дамжлагын удирдлага сул байгаагаас ажлын явц хоцрох, саад бэрхшээлүүд үүсч, байгууллагын ажлын үр дүн, итгэлцэлд сөргөөр нөлөөлөх тохиолдлууд цөөнгүй. Энэ бодит байдалд үндэслэн МУИС-ийн харьяа Монгол-Японы төвөөс 3 дугаар сарын 2-оос 6-ны өдрүүдэд явуулсан “Төслийн менежмент” бизнесийн тусгай сургалтаа 2 дахь жилдээ зохион байгуулж, 36 захирлыг хамрууллаа.
Энэ удаагийн сургалтыг “Global Development & Management Consultants” компанийн бизнесийн зөвлөх Мицүи Ёшики болон МУИС-ийн доктор профессор Ч.Ундрам нар удирдаж, Японы “Үндэсний сургагч багшийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сургагч багш Ц.Бадраа орчуулагчаар ажиллалаа. Мицүи нь “Casio” тооны машины компанид олон жил ажиллахын зэрэгцээ барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад “Төслийн менежмент”-ийн зөвлөгөө өгч, амжилттай яваа мэргэжилтэн юм. Ч.Ундрам нь Англи улсад менежментийн чиглэлээр бакалавар, магистрын зэрэг, Япон улсын Нагояагийн их сургуульд докторын зэргийг тус тус хамгаалж өдгөө МУИС-ийн сургалтын нэгдсэн албыг удирдан ажиллаж байна. Монгол-Японы төвд бизнесийн болон ажлын байран дээрх сургалтуудад зөвлөгөө, зааварчилгаагаа өгч хамтран ажиллаж яваа залуу эрдэмтэн юм.
Сургалт өндөрлөсний ард “Барилгын төсөл хэрэгжүүлэх явцад тулгардаг асуудлуудыг 2 хүний харилцан яриа байдлаар илэрхийлж, тухайн дүрд суралцагчдаас тоглуулснаар аль шатанд, ямар алдаа гарсныг илрүүлж, тодорхойлох кэйс сургалтын хэлбэрийг ашигласан нь маш их таалагдлаа. Өмнө нь ийм сургалтын заах аргыг Монголд огт харж байгаагүй, маш үр дүнтэй сургалт боллоо, маш олон зүйл сурч мэдлээ” гэсэн сэтгэгдлээ зохион байгуулагчдад илэрхийлж байлаа. Мөн Мицүи зөвлөх сургалтад оролцогчдын компани дээр зочилж, хэрэгжлүүлж буй төсөлтэй нь танилцаж, ганцаарчилсан зөвлөгөө өгсөн нь энэ удаагийн сургалтын онцлог байлаа.