Монголын нийгмийн хөгжилд түлхэц болж чадах шинэ цагийн номын сангийн орчин, үйлчилгээг эх орондоо бий болгох зорилгоо МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд бүтээлчээр хэрэгжүүлж, Монгол төрийн түшээдийн залуу халааг бэлтгэдэг ОУХНУС өнөөдөр Номын сангаа чөлөөт сонголттой болгосноо зарласны зэрэгцээ, “Номын сан-мэдээллийн нээлттэй орчин” сэдвийн хүрээнд шинэчлэлийг илүү цогц байдлаар хийхэд дараагийн алхмууд юу байж болох санал, санаачилгаа хуваалцаж, чөлөөт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэ үеэр оюутнууд ном сурах бичгийн агуулга, хүртээмж, цөөн хувьтай эрэлттэй номын тоо ширхгийг нэмэгдүүлэх, ховор ном сурах бичгийг дахин хэвлэлтэнд гаргах, төв номын санд олон хувьтай байгаа мэргэжлийн ном сурах бичгийг солилцоогоор салбар номын санд шилжүүлэх боломж болон олон улсын харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл солилцох, үйлчилгээ авах зэрэг олон асуудлыг хөндсөн юм..
2001 онд анхлан байгуулагдахдаа 2000 номтой байсан уг номын сан мэдлэгт суурилсан орчин үеийн сургалт эрдэм шинжилгээ, судалгааны агуулга, хөтөлбөрт нийцсэн ном хэвлэл, сурах бичгээр баяжигдсаар өнөөдөр 8000 хол давсан ч илүү чанаржуулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг дээр олон хүн санал нэгджээ. Хэлэлцүүлгийг ОУХНУС-ийн захирал доктор С.Баттулга, номын сангийн эрхлэгч Б.Батчимэг, МУИС-ийн номын сангийн захирал Г.Цэрэн нар бакалавр, магистрын оюутнууд, номын санчдын дунд зохион явуулсан төдийгүй удирдлагын хувиар бололцоотой асуудлуудыг шийдвэрлэж өгөхөө амлаж, цаашид номын сангийн хөгжилд уншигч оюутнуудын санал бодол, идэвх зүтгэл чухал болохыг чухалчиллаа.
“Уламжлалт” номын сангийн үйлчилгээнийн нэг оюутанд нэлээдгүй цагийг зарцуулж, өдөрт үйлчлэх оюутны тоо цөөн, номын санчийн ачаалал их гэсэн өчигдрийн асуудлууд шийдэгдсэн, өндөр түвшний хэрэгцээг хангах чанартай ном зохиолыг, тооны хязгаарлалтгүй авч хэрэглэдэг болох маргаашийн төлөвлөгөөг хэлэлцсэн үр бүтээлтэй өдөр өнгөрлөө.