О.Мөнхбат: Нэрний товчлолоос болж МҮИС-ийг МУИС-тай андуурч бүртгүүлсэн тохиолдлууд гарсан

Share Button

МУИС-ийн 2015-2016 оны элсэлтийг орон даяар цахим хэлбэрээр явуулж байгаатай холбогдуулж Сургалт хариуцсан дэд захирал О.Мөнхбатын “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагын хүргэж байна. (2015 оны долдугаар сарын 1-ний өдрийн дугаар)

ЗМ:Их, дээд сургуулиуд элсэгчдээ энэ сарын 5-ныг хүртэл бүртгэнэ. Зарим нь наймдугаар сарын 20-25-ны хооронд бүртгэнэ гэж байна. МУИС элсэгчдийг бүртгэх хугацаагаа сунгасан гэж сонссон. Энэ талаарх мэдээллийг өгөөч. Ер нь элсэлтийн бүртгэлийн явц хэр байна вэ?

ОМ:МУИС нь бакалаврын элсэлтээ бид орон даяар, онлайн цахим хэлбэрээр бүртгэж байна. Бүртгэл амжилттай үргэлжилж байгаа бөгөөд нийт элсүүлэх элсэгчийн хяналтын тооноос давсан хүн бүртгүүлсний дотор 48 хувь нь УБ хотоос , 52 хувь нь орон нутгаас цахимаар бүртгүүлсэн байна. Үнэнийг хэлэхэд хэдийгээр бид судалгаа хийж эрсдлээ тооцсон боловч цахим бүртгэл маань орон нутагт ямар байх бол гэж санаа зовж суусан. Хөдөө орон нутагт бүртгэл ийм амжилттай явж байгаа нь Монгол улсад хот хөдөөгүй интернет өндөр хурдтай болж, компьютер нийтийн хэрэглээ болж чадсаны илэрхийлэл юм байна гэж баярлаж сууна.

Үүний зэрэгцээ элсэгч, тэдний эцэг эх, иргэдийн зүгээс МУИС-ийн бүртгэлийн хугацааг сунгаж өгөөч, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг гартал бүртгэлээ үргэлжлүүлнэ үү гэж биеэр, утсаар, нийгмийн сүлжээгээр бидэнд олонтоо хандаж байна. Иймд бид элсэлтийн бүртгэлээ 2015 оны 7 дугаар сарын 2-ны 18 цаг хүртэл сунгалаа.

МУИС нь намар өргөдөл авч нэмэлт элсэлт авдаг явдлыг 2014 оноос бүрэн таслан зогсоосон. Шалтгаан нь бид элсэгчдээ хавар бүрэн авч чаддаг. Өнгөрсөн онд гэхэд элсэлтээ 99.6 хувьтай авч элсэгчийн дундаж оноо 650-д хүрч улсын дунджийг тэргүүлсэн. Түүнчлэн онлайн бүртгэлийн системтэй болохоор тодорхой шалтгааны улмаас  буцаагдсан  цөөн хуваарийг энэхүү системээр өрсөлдүүлээд шийдсэн. Ингэснээр иргэд өргөдөл барьж хэн нэгэн албан тушаалтны хаалга сахих, танил тал хайж “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдгийн үлгэрээр чирэгдэх шаардлагагүй болсон.

ЗМ: –Энэ жилийн элсэгчид зарим сургуулийн хаяг, нэршлийг солих, Монгол Улсын их сургуулийг Монголын үндэсний их сургуультай андуурах зэргээр төөрч будилж байна гэх юм. Энэ талаар та юу хэлэх вэ?  

ОМ: -Энэ асуудал зөвхөн энэ жил биш өнгөрсөн жилээс цөөнгүй тохиолдох болсон. Учир нь зарим хувийн сургуулийн нэрний товчлол нь МУИС-тай андуурагдахаар болсны зэрэгцээ бас зориудаар буруу мэдээлэл түгээж, элсэгчдийг төөрүүлдэг тул зарим иргэд хүүхдээ МУИС-д орууллаа гэсэн чинь хувийн нэг сургууль болж таарлаа. Бид хүүхдээ тэнд сургахгүй МУИС-д сургахыг хүсч байна гэж өргөдөл хүсэлт гаргадаг. Ер нь хууль журмынхаа үүднээс ч, академик ёс зүйн хувьд ч, хариуцлагатай байх зарчмын үүднээс ч тэр ийм байдал байж болохгүй. Алдартай брэндийг хуурамчаар үйлдэхдээ жишээ нь Sharp гэдгийг нэг үсгийн байр солиод Shapr  гэж анхаарал болгоомжгүй хүнийг мэхэлдэг шиг увайгүй загнаж болохгүй биз дээ.  Тэгээд ч Үндэсний, Монголын гэдэг нэрийг хувийн байгууллагад өгдөггүй, ийм явдал гарвал хууль зөрчсөн үйлдэл болдог гэдгийг МИАТ компани болон Монголиан айрлайнес компанитай үүсгэсэн заргаас ч бид мэднэ шүү дээ.

Тиймээс холбогдох газрууд нь энэ асуудлыг нэг мөр шийдтэл нийт эцэг эхчүүд, оюутан сурагчдаа МУИС бол Монголын улсын их сургууль гэсэн, үндэсний тэргүүлэх их сургууль гэдгийг санаж анхааралтай хандаарай гэж хүсэх байна.    

ЗМ: -МУИС элсэгчдээ цахимаар бүртгэж байгаа. Ямар хаягаар бүртгэж байгаа вэ. Мөн МУИС-ийн бүрэлдэхүүн сургуульд элсэх хүүхдүүд энэ хаягаараа бүртгүүлэх үү эсвэл бүрэлдэхүүн сургуульд тусад нь бүртгүүлэх ёстой юу?

ОМ: -Шинэ хичээлийн жилээс элсэлтийн үйл явц бүхэлдээ цахим хэлбэрээр явагдана. Өөрөөр хэлбэр burtgel.num.edu.mn-нд боловсролын үнэлгээний төвийн системд ханддаг бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч бүртгүүлэх юм. Өмнө нь бүртгүүлэгч тухайн мэргэжлийн хөтөлбөрт элсдэг байсан бол одоо Бүрэлдэхүүн сургуульд элсээд суурь хичээлүүдийг судалсны дараагаар хөтөлбөрөө сонгоно.   

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар