МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн, Тайваний хааны ордон музейн хамтран ажиллах гэрээний хүрээнд Хааны ордон музейд хадгалагдаж буй Манж Чин улсын үеийн Монголын түүхэнд холбогдох манж дансыг үзэх, хуулбарлах зорилгоор МУИС-ийн ХУС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, профессор М.Баярсайхан, Түүхийн тэнхимийн дэд профессор О.Оюунжаргал, МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Ц.Сүрэнжав нар Тайваньд 3 долоо хоногийн хугацаатай ажиллалаа. Энэхүү санаачлагыг 2011 онд МУИС-ийн захирал асан С.Төмөр-Очир дэвшүүлсэн бөгөөд олон жилийн уйгагүй зүтгэлийн хүчинд энэ хичээлийн жилд бодит ажил болон хэрэгжлээ.
МУИС-ийн багш нар Тайваний Хааны ордон музейд хадгалагдаж байгаа Манж Чин улсын үеийн Монгол буюу XYII-XX зууны Монголын түүхэнд холбогдох манж, монгол, хятад хэлээрх данс бичиг болон Манжийн үеийн Монголын түүхэнд холбогдох Бээжин дэх Манжийн хааны ордонд хадгалагдаж байсан Хааны ордоны данс монгол, манж хятад хэлээрх баримтыг мөн (宮中檔) дижитал хэлбэрээр үзэж танилцжээ. Үүнд, Манжийн Энх-амгалан хаан Галдан бошогтыг дайлаар Хэрлэн хүртэл ирсэн хэрэгтэй холбогдох манж хэлээрх баримт, XYIII-XIX зууны Ховд, Улиастай хотод суух манж жанжин, сайд нарын манж, хятад хэлээрх айлтгал баримтыг багтаж буй бөгөөд мөн энэ ялдамд Хааны ордон музейн тусгай үзмэр болох Чингис, Хубилай хааны хөргийг үзэж танилцжээ.
Мөн Тайваний Синика академийн Түүхийн хүрээлэнд очиж, Юаний түүх судлаач профессор Хун Жинфу-тай уулзаж, хүрээлэнгийн музей, номын сантай танилцаж XYII-XX зууны эхэн хагасын Монголын түүхэнд холбогдох өргөмжлөл, яам хоорондын албан бичиг (題文), газрын зургийг үзжээ. Мөн Тайваний Үндэсний номын санд дах Монголын нууц товчоо, Юань улсын уран зохиолын цоморлиг, Саган сэцэний Эрдэнийн товчийн хятад орчуулга зэрэг Монголын түүхэнд холбогдох сурвалжтай танилцсан байна.
Энэхүү Тайвань дахь Монголын түүхэнд холбогдох сурвалжтай танилцах ажлыг Монгол-Төвдийн хороо, Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн Тайпэй дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн зохион байгуулж, онгоцны тийз, байрны хөлсийг хариуцаж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн болно. Энэхүү ажлыг гардан зохион байгуулж тусалсан МУИС-ийн хятад хэлний багш бөлгөө судлаач д-р Я.Ганбаатарт гүн талархал илэрхийлж байна.
Энэхүү эрдэм шинжилгээний аялалын үр дүнд манай судлаач М.Баярсайхан, О.Оюунжаргал нар Тайваньд хадгалагдаж буй Монголын түүхэнд холбогдох манж, монгол, хятад хэлээрх үндсэн сурвалжтай танилцаж, заримыг хуулбарлан авч эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулахаар ажиллаж байгааг дуулгахад таатай байна.