Академич Д.Батсуурийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэв

Share Button

Саяхан 2015 оны 10-р сарын 15-нд академич Д.Батсуурийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний семинарыг ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, МУИС-ийн Физикийн тэнхим хамтран зохион явуулав. Уг семинарт Москвагийн УИС-ийн Хатуу биеийн физикийн тэнхимийн эрхлэгч Проф. А.С.Илюшин уригдан ирж оролцов.

Уг семинарт “Академич Д. Батсуурь бол Монголу Улсад Хатуу биеийн физикийн  салбарыг үндэслэгч мөн” (Д-р. М. Цэрэнчимэд, ШУА-ын ФТХ), “Москвагийн УИС-ийн Хатуу биеийн физикийн тэнхим ба Акад. Д. Батсуурь” (Проф. А.С. Илюшин, Москвагийн УИС-ийн Хатуу биеийн физикийн тэнхимийн эрхлэгч ),  “Москвагийн УИС болон МУИСийн хамтын ажиллагаа” (Д-р., Проф. Л.Энхтөр, МУИС), “Монгол Улсад аморф цахиурын судалгаа үүсч хөгжсөн түүх” (Проф. Ш. Чадраабал, ШУТИС), “Тооцололт материал судлал” (Д-р., дэд проф. Н.Цогбадрах, МУИС) зэрэг илтгэлүүд хэлэлцүүлэв.

Семинарт оролцсон Д. Батсуурь багшийн гэр бүл, үр хүүхдүүд, ах дүүсийн төлөөллөөс МУИС-ийн физикийн ангийн 2 оюутан, ФТХ-ийн нэг залуу судлаачийг шагнаж урамшуулав. Семинарын төгсгөл хэсэгт  Ардын багш, профессор Ч. Авдай,  Шинжлэх ухааны гавьат зүтгэлтэн, профессор О. Лхагва, МУ-ын гавьяат багш, профессор Д. Дамбасүрэн  зэрэг олон хүн дурсамжаа хуваалцав.

Профессор Д. Батсуурь бол МУИС-ийн физикийн салбарын анхны төгсөгчдийн нэг (1947), Москвагийн их сургуульд хатуу биеийн физикийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан (1957) анхны монгол эрдэмтэн юм.

Академич Д.Батсуурь нь  МУИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, физикийн тэнхимийн эрхлэгчээр он удаан жил ажиллахдаа манай улсад   физикийн төдийгүй бусад шинжлэх ухааны бусад салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчин, судлаачдыг  бэлтгэх,  эрдэм шинжилгээний  шинэ  салбаруудыг үүсгэн байгуулах,  сургалт эрдэм шинжилгээний материаллаг орчинг бүрдүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан манай нэртэй ахмад  эрдэмтэн,  шинжлэх ухаан, боловсролын салбарын чадмаг удирдагчдын нэг юм.

Профессор Д. Батсуурь Монгол улсад хатуу биеийн физикийн судалгааны хэд хэдэн чиглэлийг үүсгэн хөгжүүлж, ШУА ба МУИС-ийн хамтарсан анхны эрдэм шинжилгээний Лабораторийг 1961 онд байгуулжээ.

Анх профессор Д. Батсуурь эхлэлийг тавьсан Москвагийн УИС-ийн Хатуу биеийн физикийн тэнхим, МУИС-ийн физикийн тэнхимийн хамтын ажиллагаа өнөөг хүртэл амжилттай үргэжилсээр байгаа төдийгүй уг  тэнхимд профессор Д. Батсуурийн дараа  профессор Д.Сангаа, профессор Л. Энхтөр нар эрдмийн зэрэг хамгаалжээ.20151015_145102 20151015_154418 IMG_9052

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар