МУИС-ийн дотуур байранд амьдарч буй суралцагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хандлагыг төлөвшүүлэх, аюулгүй ба соёлтой орчныг хамтдаа бүрдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газартай хамтран хоёр өдрийн сургалт зохион байгууллаа.

Сургалтаар:
- Суралцагчдын дунд түгээмэл тохиолддог гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх суурь мэдлэг;
- Дотуур байр болон цахим орчинд үүсэж болзошгүй эрсдэлийг танин мэдүүлэх;
- Хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах ойлголтыг нэмэгдүүлэх;
- МУИС-ийн дотуур байрны дотоод журам болон анхаарах асуудал зэргийн талаар мэдээлэл хүргэв.
Сургалтын эхний өдөр II дотуур байранд зохион байгуулагдаж, I, II, III, V, VI байрны нийт 40 суралцагч хамрагдлаа. Энэ өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын гэр бүл, хүүхэд, урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Сүхбат оюутнуудад мэдээлэл, зөвлөмж өгсөн.

Сургалтын хоёр дахь өдөр IV дотуур байранд оршин сууж буй гадаад суралцагчдад тусгайлан чиглэсэн сургалт зохион байгууллаа. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн ахлах дэслэгч Г.Чингэс нийтлэг гардаг зөрчлийн талаар танилцуулж, шаардлагатай зөвлөмж, зөвлөгөөг өглөө.

Цаашид МУИС-ийн дотуур байранд суудаг оюутан суралцагчдад зориулан оюутны хөгжлийн чиглэлээрх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

