“Багш, оюутны стартап-2025” (NUM STARTUP 3.0) хөтөлбөрийн шалгаруулалт зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацын судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, салбар дундын судалгаанд багш оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, багш судлаачдын хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Багш оюутны стартап-2025” NUM Startup 3.0”  хөтөлбөр 9 дэх жилдээ амжилттай хэрэгжиж, хөтөлбөрийн гарааны тэтгэлэг олгох шалгаруулалтын үйл ажиллагааг Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн Технологи дамжуулах төв 2025 оны 11-р сарын 08-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Шалгаруулалтын үйл ажиллагаанд МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн захирал О.Мөнхбат, Рио Тинто Монгол ХХК-ийн Дэд захирал Колин Дан, ЭЗХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Мөнхтөр нар хүндэт зочдоор уригдан оролцов. МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар шалгаруулалтыг нээж хэлсэн үгэндээ, хөтөлбөр улам өргөжиж, оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, өнөөдрийг хүртэл нийт 91 багийн 623 багш оюутан хамрагдаж, түрүүлсэн нийт 24 багт 213 сая төгрөгийн гарааны санхүүжилтийг МУИС-иас олгосон ба хөтөлбөрийн үр дүнд МУИС-ийн дэргэд 9 гарааны компани байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгааг тэмдэглэн хэлэв. Мөн хөтөлбөрийг санхүүжүүлэгч Рио тинто Монгол компани болон дэмжиж хамтран ажилладаг МУИС-ийн Бизнес консалтинг төв, Сократус Стартап Студи ХХК, Стартап Маркетинг Спэйс ХХК, Оюуны өмчийн газар, Инно хаб Монголиа ХХК, Шинжлэх ухааны паркийн захиргаа, Нийслэлийн бизнес, инновац хөгжлийн газар, МУИС-ийн Дижитал профессор студи, Кинг лизард ХХК зэрэг байгууллагуудад талархал илэрхийллээ.

Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн захирал О.Мөнхбат хэлсэн үгэндээ, МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк дээр багш, судлаачдын оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, технологи дамжуулах, технологийн зүгшрүүлэлт хийх дэд бүтцийг байгуулаад байна. Парк нь үйл ажиллагаагаа зөвхөн МУИС-ийн хүрээнд төдийгүй Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлэх ба байгуулсан дэд бүтцийг ашиглан бусад их сургуулиуд, хүрээлэнгүүдийн инновац, шинэ технологи дамжуулалт, хөгжүүлэлт хийхэд хамтрах боломжтойг цохон тэмдэглэв.

Энэ жилийн хөтөлбөрт Хими, Физик, Биологи, Биотехнологи, Микробиологи, Компьютерийн ухаан, Мэдээллийн технологи, сэтгэл судлал зэрэг салбаруудад технологи хөгжүүлэх, гарааны компанийн төсөл боловсруулах нийт 16 багийн 98 багш, оюутан хамрагдаж, шинэ санаагаа хөгжүүлсэн юм. Энэ жилийн онцлог нь хог хаягдлыг боловсруулж, шинэ бүтээгдэхүүн гаргах 5 төсөл, мэдээллийн технологи апплейкэшн хөгжүүлэх 8 төслийг хөгжүүлсэн явдал байлаа. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 2, ашигтай бактер ашиглан биобордоо гаргах 1 төсөл оролцож байна. Хөтөлбөрт оролцсон багуудаас жил бүр эхний 3 байрыг шалгаруулж, 30 сая төгрөгийн гарааны тэтгэлгийг  МУИС-иас олгодог юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд “Рио Тинто Монгол” ХХК-ийн Бизнес шинжилгээний ахлах зөвлөх Н.Санчир, Рио Тинто Монгол” ХХК-ийн Тайлан шинжилгээний ахлах шинжээч Г.Мөнхжаргал, “Сократус Стартап Студио” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Мөнхцог,  “Стартап маркетинг спасе” ХХК-ийн зөвлөх Г. Оюунгэрэл, Иннохаб хурдасгуур төвийн ахлах менежер Г.Золбоот, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Дэд профессор Н.Батдэлгэр, ШУА-ийн Инновац, технологи, цахим бодлогын хэлтэсийн дарга Д.Батхуяг, Мэдээллийн технологийн үндэсний паркийн Мэдээллийн технологийн бизнесийг дэмжих хэлтсийн дарга Ж.Ангараг нар уригдан ажиллав. Төслүүдийг инновацлаг шийдэл, мэдлэг шингэсэн шинэлэг тал, тухайн салбарын тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, зах зээлд тогтвортой байрших боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийн тооцоолол, багийн ажиллагаа, ирц идэвх зэрэг үзүүлэлтээр шалгарууллаа.

Шалгаруулалтад явцын шалгаруулалтаас шалгарсан 10 баг төслөө танилцуулж, эхний гурван байрт шалгарсан шилдэг багууд гарааны тэтгэлгээр, дөрөвдүгээр ба тавдугаарт шалгарсан багууд оюуны өмч мэдүүлэх төлбөрийн эрхээр шагнуулав.

  • 1-р байрт: МУИС, Инженер Технологийн сургууль, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн Дэд профессор Б.Даваапүрэв удирдагчтай “Baby-Takara” баг “Батцагаан” төсөл (Гарааны тэтгэлэг-12 сая ₮)
  • 2-р байрт: МУИС, Шинжлэх Ухааны сургууль, Байгалийн ухааны сургууль Биологийн тэнхимийн Ахлах багш Г.Оюундэлгэр удирдагчтай  “Spice girls” баг “NanoBrew” төсөл (Гарааны тэтгэлэг- 10 сая ₮)
  • 3-р байрт: МУИС, Шинжлэх Ухааны сургууль, Байгалийн ухааны сургууль, Биологийн тэнхимийн Дэд профессор Г.Рэнчинханд удирдагчтай, “NUMX” баг, “Биологийн бордоо гарган авах” төсөл (гарааны тэтгэлэг- 8 сая ₮)
  • 4-р байрт: МУИС, Шинжлэх Ухааны сургууль, Байгалийн ухааны сургууль, Химийн тэнхимийн дэд профессор Ч.Буян удирдагчтай, “232” баг, “BioDrop” төсөл (Оюуны өмч мэдүүлэх төлбөрийн эрх)
  • 5-р байрт: МУИС, ШУТУБП, Технологи дамжуулах төвийн эрхлэгч, профессор Ш.Наранмандах удирдагчтай, “Growith” баг, “Малын хаягдал арьснаас азотын шингэн бордоо гаргах технологи” төсөл (Оюуны өмч мэдүүлэх төлбөрийн эрх)

 

“Багш, оюутны стартап-2025” (NUM STARTUP 3.0) хөтөлбөрийн шалгаруулалтад оролцсон бусад төслүүд:

  • МУИС, Шинжлэх Ухааны сургууль, Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төвийн захирал, дэд профессор А.Батхишиг, МУИС, ШУТУБП, Технологи дамжуулах төвийн Стартап хамтын ажиллагааны мэргэжилтэн Б.Батдулам удирдагчтай, “Bridge” баг, “Bridge Hub Mongolia” төсөл
  • МУИС, Шинжлэх Ухааны сургууль, Байгалийн ухааны сургууль, Биологийн тэнхимийн дэд профессор Дам.Лхагвасүрэн удирдагчтай, “Aryprotech” баг, “GlyCera (Глисера)” төсөл
  • МУИС, Нийгмийн ухааны сургууль, Сэтгэл судлалын тэнхимийн багш Н.Должин удирдагчтай, “KAIDU” баг, “Hanami” төсөл
  • МУИС, Инженер Технологийн сургууль, Ногоон эрчим хүч инженерчлэлийн тэнхимийн ахлах багш Б.Баттүвшин удирдагчтай, “RECaP” баг, “Улаанбаатар хотын айл өрхүүдийн нүүрсний хэрэглээг бууруулах сэргээгдэх эрчим хүчний системийг дэмжих нүүрстөрөгчийн кредитийн механизм” төсөл
  • МУИС, ШУТУБП-ийн сургалтын мэргэжилтэн доктор Д. Хонгорзул удирдагчтай, “EDUPRENEUR” баг, “Мобайл апп, хиймэл оюун ухаан, дата анализ, тоглоомчилсон сургалтад тулгуурласан EdTech хөгжүүлэлт” төсөл

 

Цаашид манай эрдэмтэн багш, судлаачид, оюутнууд болон үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн бүтээлч хамтын ажиллагаа өргөжиж, Монгол улсын хөгжилд бодит үр дүн өгөх өргөн боломж бий гэдэгт итгэж байна.

Зохион байгуулагч

МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар Парк

Технологи дамжуулах төв

Холбоо барих: tto@num.edu.mn, 77307730 (5310)

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар