“МУИС-Индер: Г.Занданшатар, Д.Ганбат нар Монголын ардчилал хямарсан гэдэгт санал нэгдлээ”
МУИС-аас санаачлан хэрэгжүүлдэг МУИС-ийн индер бодлогын мэтгэлцээн “Монголын ардчиллын хямрал: Зөвлөлдөх ардчилал шийдэл мөн үү?” сэдвийн дор өчигдөр боллоо.
Сүүлийн үед зөвлөлдөх ардчилалын онолоо олон нийттэй хуваалцан, ихээхэн дэмжлэг авч байгаа Стэнфордын Их сургуулийн судлаач, багш Г.Занданшатар, Стратегийн судалгааний хүрээлэнгийн захирал, доктор Д.Ганбат нар үзэл онолоо уралдуулан, судалгаа шинжилгээний дүнгээ МУИС-ийн эрдэмтэн багш, оюутан нартай хуваалцсан юм.
Мэтгэлцээнд оролцогчид Монголын ардчилал хямарсан гэдэгт санал нэгдэж үүнээс гарахын тулд тус бүрийн саналыг онолын үндэслэлттэйгээр дэвшүүллээ.
Судлаач Г.Занданшатар: “Өнгөрсөн 25 жилд либерал ардчилалаар явлаа. Харамсалтай нь дэлхий дээрх ардчилалын гурав дахь ухралтад адилхан л Монгол Улс өртөөд байна. Харин цөөн хүн амтай Монгол Улс шиг оронд бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэгчлэн өнөөдөр тулгамдаж буй асуудлуудаа сум, баг, хорооны түвшиндээ ч зөвлөлдөх арга механизмыг хэрэглэх нь зүйтэй. Шинэ юм гэдэг бол сайтар мартагдсан хуучин зүйл байдаг гэдэгчлэн тэртээ 2500 жилийн өмнө ч зөвлөлдөх ардчилалын арга механизм хэрэглэгдэж байсан байна. Манай улсад төр хамгийн хүчирхэг оршин тогтнож байсан эзэн Чингэс хааны үед зөвлөлдөх ардчилалын арга механизмаар ажиллаж байсан байгаа юм” хэмээсэн бол
Стратеги судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Ганбат: “Хэдийгээр Монголын ардчилал сульдсан, сорилтод орсон ч гэсэн өнөөг хүртэл яваад ирсэн либерал ардчилалын зарчимаасаа яаран гажих хэрэггүй. Хэсэг өвчин байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ толгой өвдсөн бол бөөрний эм уух жишээнд явдагаа л больж, оношоо олж, эмээ тааруулж уух ёстой шиг эмчлээд явбал либерал ардчилалд болохоо байчихсан зүйл алга” гэж үзэж байлаа.
Мэтгэлцээн МУИС-ийн эрдэмтэн багш, оюутан судлаач нарын дунд ямар нэгэн улс төржилтийн өнгө аясгүйгээр улс орны өмнө ямар бэрхшээл тулгарч, түүнээс хэрхэн ангижирах, Ардчилалын сорилт, бэрхшээлийг давах гарцыг хайсан цаг үеэ олсон мэтгэлцээн болж чадлаа.