МУИС болон Франц улсын Парис Дидро их сургуулийн хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа

Share Button

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр МУИС болон Франц улсын Парис Дидро их сургуулийн хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Уг хэлэлцээгээр хоёр сургууль судлаач, багш, оюутан, захиргааны боловсон хүчний солилцоо, сургалт, судалгааны хамтарсан хөтөлбөр боловсруулах, судалгаа, диссертацын ажил хамтран удирдах, сургалт, эрдэм шинжилгээтэй холбоотой мэдээлэл солилцох, хамтарсан хурал, семинар, сургалт зохион байгуулах, зайн сургалт, судалгааны ажил явуулахад харилцан тусламж дэмжлэг үзүүлэх гэх мэт чиглэлээр хамтран ажиллах юм.  Мөн уг хэлэлцээрийн дагуу багш, оюутан солилцоо, дүн болон цагийн харилцан үнэлгээ зэргийг тусгасан багш, оюутан солилцооны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний хүрээнд гүйцэтгэж байгаа, цаашид зохион байгуулах ажлын талаар ШУС-ийн ХУС-ын Европ судлалын Франц хэлний тэнхим болон Монгол-Францын төвөөс үе шаттайгаар мэдээлэл хийх болно.

Парис Дидро /Paris Diderot/ Их сургууль

CHRISTINE CLERICI, MEDECIN, PNEUMOLOGUE, PRESIDENTE DE L'UNIVERSITE PARIS DIDEROT, PARIS, LE 9 MAI 2014
CHRISTINE CLERICI, MEDECIN, PNEUMOLOGUE, PRESIDENTE DE L’UNIVERSITE PARIS DIDEROT, PARIS, LE 9 MAI 2014

Захирал: Кристин Клеричи /Christine Clerici/

Европын хамгийн анхны сургуулиудын нэг, 12-р зуунд байгуулагдсан Парисын их сургуулийн Шинжлэх ухааны факультетийн залгамж сургуулийн нэг, Парис Дидро буюу Парис 7 нь Парист байрладаг бөгөөд Францын тэргүүлэгч сургуулийн нэг юм. 1994 оноос эхлэн одоогийн нэрээр нэрлэгдэх болсон.

Тус их сургуулийн зорилго нь арван наймдугаар зууны соён гэгээрүүлэгч Денис Дидрогийн тогтоосон уламжлал, хүмүүнлэг зарчмын дагуу, судалгааны шинэ салбар нээх, уламжлалт сахилга батыг шинэчлэх,  судалгааны ололт амжилт, үр дүнг боловсруулах, сайжруулах, эдгээрийг олон нийттэй өргөн цар хүрээгээр холбох замаар 21-р зууны үеийн нийгмийг гэгээрүүлэх явдал юм.

Тус сургууль нь шинжлэх ухаан, эм, шүд, урлаг, хүмүүнлэг, нийгмийн ухааны бүх салбаруудын судалгаа түүний стандартыг боловсронгуй, идэвхтэй болгох талаар олон улсад нэр хүндтэй.

Одоогоор уг сургууль 2300 багш, судлаачид, 1100 захиргаа, техникийн ажилтан, шинжлэх ухаан, хүмүүнлэг болон анагаах ухааны чиглэлээр суралцдаг 26000 оюутантай. Гадаад оюутан нь 6000 гаруй бөгөөд эдгээрийн 25 хувь нь шинжлэх ухаан, 29 хувь нь эрүүл мэнд, 46 хувь нь хэл, хүмүүнлэгийн шинжлэх ухааны чиглэлээр тус тус суралцдаг. Мөн тэдний 900 орчим нь докторын, 900 гаруй нь оюутан солилцооны гэрээгээр сурдаг. Эдгээр 900 гаруй оюутны 350 орчим нь ЭРАСМУС төслөөр сурдаг. Жил бүр 6300 орчим оюутан тус сургуулийг төгсдөг. Жилд 120 гаруй багш судлаачдыг урьж ажиллуулдаг.

Тус их сургууль 53 улсын 300 орчим сургуультай 1100 гаруй солилцооны гэрээтэй ажилладаг.

Эрдэм шинжилгээний лабораториуд нь 102 багт хуваагддаг бөгөөд эдгээрийн 80 хувь нь CNRS, INSERM, CEA, INRIA /Institut Pasteur/ гэх мэт байгуулагуудтай хамтарч үйл ажиллагаа явуулдаг. Жилд дунджаар 500 орчим диссертаци, 80 гаруй дээд төвшний судалгааны бүтээл хэвлэгддэг.

Нобелийн 2 шагналтан, Филдсийн шагнал хүртэгч болон Францын боловсролын хоёр ч сайд төрөн гарсан уг сургууль нь шинжлэх ухаан ялангуяа математик болон сэтгэл судлалын судалгаа, заах арга зүйгээрээ алдартай. 2006 онд физикийн чиглэлээр Нобелийн шагналт хүртсэн Жорж Физералд Смүүт /George Fitzerald Smoot/ болон 1983 онд физиологи, анагаах ухааны чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн Жан Доссэ /Jean Dausset/ гэх мэт салбар салбарын тэргүүлэгч эрдэмтэд, улс төрч, судлаачид тус сургуульд багшилдаг байв.

Парисын Дидро их сургууль нь дээд боловсрол, эрдэм шинжилгээ судалгааны холбоо болох, эгнээндээ Парисын алдартай дөрвөн их сургууль, дээд боловсрол, эрдэм шинжилгээ судалгааны дөрвөн хүрээлэнг нэгтгэсэн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны улсын институц Sorbonne Paris Cite-n үүсгэн байгуулагч гишүүн юм.

Парисын Дидро их сургууль нь хамгийн өндөр чанартай сургалт санал болгож Францын дээд боловсролын яам болон бусад олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн.

Дараахь таван үндсэн чиглэлээр сургалт явуулдаг. Үүнд:

  • Урлаг, Хэл, Уран зохиол
  • Хууль, эдийн засаг, менежмент
  • Нийгмийн болон хүмүүнлэгийн ухаан
  • Шинжлэх ухаан, Технологи, Эрүүл мэнд
  • Анагаах ухаан болон Шүд, эрүү нүүрний эмгэг судлал

Эдгээр чиглэлүүд нь дотроо дараах хөтөлбөрүүдтэй. Үүнд:

  • Бакалаврын 19-н хөтөлбөр
  • Мэргэжлийн 7 хөтөлбөр
  • Магистрын 28 хөтөлбөр
  • Магистрын мэргэшсэн судалгааны 100 хөтөлбөр
  • Анагаахын болон Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын бүрэн цогц хөтөлбөр
  • Бусад 170 хөтөлбөр (Их сургуулийн дипломын хөтөлбөр, их сургууль хоорондын дипломын хөтөлбөр, элсэлтийг шалгалтын бэлтгэл хөтөлбөр г.м)
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар