Монгол Улсын Их Сургуулийн судлаач багш, эрдэм шинжилгээний ажилтнууд, судлаач оюутан та бүхэндээ Шинжлэх ухааны ажилтны өдрийн мэнд дэвшүүлье. Энэ жилийн Шинжлэх ухааны ажилтны өдөр Монгол Улсын Их Сургуулийн хамт олон 2024 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө боловсруулж байгаа үед тохиож байна. МУИС-чууд бидний стратегийн зорилго, бидэнд төрөөс өгч буй даалгавар бол стратегийн энэ хугацаанд Азийн шилдэг 100 судалгааны их сургуулийн эгнээнд нэгдэн орох явдал юм. Судалгааны их сургуулийн чансааг эрдэм шинжилгээний ажлын үзүүлэлтээр тодорхойлж байгаа тул манай сургуульд хийгдэж буй судалгааны ажлын түвшинг бидний хүрэхийг зорьж буй түвшний сургуулиудын хэмжээнд хүргэх шаардлагатай болж байна. 2015 онд МУИС-ийн хаягаар Томсон Ройтерсийн Web of Knowledge мэдээллийн санд бүртгэгдсэн 50 бүтээл хэвлэгдээд байгаа нь манай улсдаа тэргүүлэх үзүүлэлт боловч олон улсын хэмжээнд өндөр зэрэглэлд хүрэхийн тулд жилд гаргадаг МУИС-ийн бүтээлийн тоо, эдгээрийн чанарт үсрэнгүй өөрчлөлт гаргах хэрэгтэйг харуулж байна. МУИС-ийн эрдэм шинжилгээний үйл ажиллагааны санхүүжилтэнд гадаадын судалгааны сангийн тэтгэлэг, грантын хэмжээ багагүй хувийг эзэлж байгааг улам бүр нэмэгдүүлэх, олон улсын түвшинд хамтран ажиллаж, зөвхөн манай орны хувьд төдийгүй дэлхий нийтийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмрээ өндөр болгох хэрэгтэй байна. Судалгааны их сургуулийн гол хөдөлгөгч хүч болсон төгсөлтийн дараах түвшний суралцагсдын судалгаа хийх нөхцлийг бүрдүүлэх, докторын дараах судлаачдын орон тоог бий болгох чиглэлээр ч дорвитой алхам хийх шаардлага байна.
Японы Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “1000 инженерийн төсөл”-ийн хүрээнд МУИС-д судалгааны 10 төсөл хэрэгжиж, багагүй хэмжээний лабораторийн багаж төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд өнгөрсөн хоёр хичээлийн жилийн хугацаанд МУИС-д сургалт-судалгааны 18 лабораторит хөрөнгө оруулалт хийсэн нь ирэх жил мөн л үргэлжилнэ. Мөн МУИС тус төслөөс зарласан байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрөөс дөрвөн төсөл, байгалийн ухаан болон инженер, технологийн салбарын судалгааны өрсөлдөөнт грантаас цөөнгүй тооны төслийн санхүүжилт авахаар төлөвтэй байна. Шинээр баригдаж буй электрон номын сангийн барилгын багагүй орон зайг нээлттэй лабораториуд байдлаар ажиллуулахаар төлөвлөж байна.
Судалгаа, боловсруулалтын ажлын түвшин өндөр, цар хүрээ ихтэй их сургуулийн сургалтын чанар сайн байдаг. Иймд Монгол Улсын Их Сургуульд хамгийн чадварлаг, хамгийн авьяастай судлаач багш нар ажиллаж, ирээдүйн хамгийн чадварлаг төгсөгчдийг төгсгөн гаргах орчин нөхцлийг бид хамтдаа цогцлоон байгуулах учиртай. Үүний тулд олон улсын мэдлэг оюуны ололт амжилттай зэрэгцэн алхдаг, зарим салбарт тэргүүлж олон улсаас ирэх оюуны урсгалыг татдаг, аливаад шинийг эрэлхийлж, бүтээж, түгээн дэлгэрүүлдэг, олон нийтийг соён гэгээрүүлдэг, хамгийн гол нь өөрийгөө тасралтгүй сайжруулдаг оюунлаг тогтолцоог бүрдүүлэх нь чухал юм.
Хэдхэн хоногийн өмнө бид олон улсын мэргэжлийн сэтгүүлд бүтээлээ хэвлүүлж дэлхий нийтийн оюуны санд монгол эрдэмтдийн мөрийг гаргаж яваа судлаач багш нарынхаа амжилтыг Монгол Улсад ажиллаж байгаа, өндөр хөгжилтэй орнуудаас эрдэм, судалгааны соёлыг тээж ирсэн мэргэжилтнүүдтэй хамтран тэмдэглэсэн нь Монгол Улсын Их Сургуулийг монгол эрдэмтдийн хамтын бүтээлч ажиллагааны байгууллага болгох зорилгын маань илэрхийлэл болно.
Дэлхийн аль ч улс орны хувьд мэдлэгийн хүч, бүтээх чадвар нь тухайн улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсноор барахгүй мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах, хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл боломж, чадавхийг бүрдүүлэх нь тухайн улсын хөгжлийг тодорхойлох түлхүүр болохыг улс орнууд бүх түвшиндээ хүлээн зөвшөөрч байна. Ийм ч учраас 2015 оны Шинжлэх ухааны ажилтны өдрийн арга хэмжээний хүрээнд БСШУЯ-наас санаачлан “Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” олон улсын анхдугаар чуулганыг зохион байгуулж, шинжлэх ухааны кластерийн үзэл баримтлалыг тойрон хэлэлцэхдээ манай улсын тэргүүлэх их сургуулиуддаа түшиглэн зохион байгуулж байгаа нь их сургуулиудыг судалгааны өндөр чадавхтай институц хэмээн ач холбогдол өгч буйг илтгэн харууллаа.
Монгол Улсын Их Сургууль улс орны оюуны хөдөлгөгч хүч байх үүргээ биелүүлсээр ирсэн, цаашдаа ч энэ үүргээ улам бүр нэр төртэй биелүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Та бүхэнд Шинжлэх ухааны ажилтны өдрийн мэндийг дахин дэвшүүлж, эрдэм судлалын ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе!
Захирал Р. Бат-Эрдэнэ