Италийн математик Жанфранческо Мальфаттийн 1803 онд томъёолсон бодлогыг МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал, Төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор, профессор Р.Энхбат оновчлолын онолын аргаар бүрэн шийджээ.
Үүнийг үе, үеийн математикчид янк бүрийн аргаар шийдэхээр оролдож, 1994 онд ЗХУ-ын нэрт математикч В.А.Залгаллер, Г.А.Лось нар хамгийн “сайн шийд” оршин байх мужийг нь геометр болон тригнометрийн аргаар олж тогтоосон юм байна. Дээрх бодлогын бодсон аргачлалын талаар Р.Энхбат багш Монгол ньюс мэдээллийн сайтад ярилцлага өгсөн байна.
- Та яагаад энэ бодлогыг сонирхох болсон бэ?
Би гурвалжинд багтсан хоёр тойргийн тухай нэгэн бодлогыг 2006 онд монгол математикчдынхаа дунд дэвшүүлж, уран гоё бодож, хариуг нь гаргасан хүнд сарын цалингаа өгөхөөр амлаж байлаа. Тухай үед энэ бодлогыг бодож, шагнал авах хүн гараагүй. Сүүлд нь тэр бол Мальфаттийн хэмээх алдартай бодлогын тухай тохиолдол болохыг “Математикийн аугаа 100 бодлого” номоос олж мэдсэн юм.
Тэгээд Мальфаттийн бодлогыг гүдгэр биш оптимизацийн бодлого хэлбэрээр томъёолоод хамгийн ерөнхий тохиолдолд шийдэж чадахаа ойлгож, үндсэн ажлынхаа хажуугаар есөн жил оролдож байж бодлоо.
- Хариуг нь олсноор ямар ач холбогдолтой вэ?
Дэлхийн үе, үеийн математикчдын анхаарлыг татсаар ирсэн бодлого юм. Математикийн онолын хувьд өндөр ач холбогдолтой. Сүүлийн үед компьютерийн их өгөгдөл болон түүнийг олборлох асуудал (data mining) Мальфаттийн төрлийн бодлого хэлбэрээр томъёологдож байна. Тэгэхээр тус бодлогын шийд нь компьютерийн технологийн дэвшилд хэрэгтэй юм. 200 гаруй жилийн өмнөх бодлого одоо л хэрэглээнд нэвтрэх гэж байна.
- Эрдэмтэд бүтээлээ олон улсын сэтгүүлд нийтлүүлж байж хүлээн зөвшөөрүүлдэг байх?
Би энэ үр дүнгээ алдартай “Springer” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Journal of optimization” сэтгүүлд хэвлүүлэхээр болсон. Чансаа өндөртэй эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцид тухайн чиглэлээр дэлхийд тэргүүлдэг эрдэмтэд ажилладаг. Тэднээр хүлээн зөвшөөрүүлсэн нээлт, үр дүнг нь сэтгүүлдээ хэвлэдэг юм билээ.
Би оновчлолын онолын шавь сургуулиараа дэлхийд алдартай Эрхүүгийн их сургуулийн бүтээгдэхүүн. Өнгөрсөн сард Эрхүүгийн их сургуулийн математикийн факультетийн 50 жилийн ойгоор болсон эрдэм шинжилгээний хуралд шинэхэн үр дүнгээрээ илтгэл тавьсан. Мөн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Системийн динамик, удирдлагын онолын хүрээлэнгийн алдарт Ляпуновын семинарт илтгэсэн.