Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам 2012 оноос Дээд боловсролын шинэчлэлийн төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү төслийн хүрээнд Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлэгт шалгарсан “Монгол улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам” сэдэвт төсөл 2015 оны 12-р сарын 15-наас эхлэн Монгол Улсын Их Сургууль дээр хэрэгжиж байна.
Уг төсөл нь Монгол Улсад судалгааны тогтолцооны эко- болон тогтвортой хөгжил, төслийн менежмент, эрдэм шинжилгээний сэтгүүлийн хянан магадлагаа, оюуны өмч, технологи дамжуулалтыг виртуаль технологи дээр суурилан хөгжүүлэх бодлого хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан үндэсний хэмжээнд дээд боловсролын байгууллагын судалгаа, боловсруулалтын гүйцэтгэлийг төлөвлөх урт, дунд хугацааны хөгжлийн замын зургийг гаргаж тулгамдсан асуудлуудаа шийдэх зорилготой юм.
Төслийн удирдагч ЭШИГХАЭ дэд захирал профессор Б. Болдгив “Энэ төсөл бол Азийн хөгжлийн банкнаас хэрэгжиж байгаа төслүүдээс хамгийн олон дэд сэдэвтэй томоохон төслүүдийн нэг. Түүнчлэн дан ганц МУИС төдийгүй дээд боловсролын судалгааны байгууллагын эрдэм шинжилгээ, судалгааны менежмент, түүнийг сайжруулах чиглэлээр ямар зүйлс хийх ёстой гэсэн бодлогын зөвлөмж гаргах төсөл юм. Бусад их дээд сургуульд үлгэр жишээ болохуйц процесс, эрх зүйн дүрэм журам, практикийг бий болгох, тодорхой үр дүн гарах ёстой шүү гэдгийг хэлмээр байна” гэж тус хэлэлцүүлгийг нээв. Тус төслийн үндсэн зорилго, дэд төслүүдийн багийн бүрэлдэхүүн, төслийг хэрэгжүүлэх үе шат, хэлэлцэх асуудлын талаар ЭШИХ, ТДТ-ийн мэргэжилтэн доктор Д. Лхагвасүрэн төслийн танилцуулав.
Зорилго: Их сургуулийн судалгаа, боловсруулалтын гүйцэтгэлийг төлөвлөх замын зураг гаргах 2016- 2020
Зорилтууд:
- Судалгаа, боловсруулалт, инновацийн өнөөгийн байдлын орчлын үнэлгээний цахим удирдлага /Магистр. Д.Доржнамжирмаа/
- Ногоон, тогтвортой их сургуулийн шинжлэх ухааны форсайт төлөвлөлт, шинэ технологийн маркетингийн урьдчилсан форкаст судалгаа /Профессор П. Энхбаяр/
- Төслийн менежментийг олон улсын түвшинд хийх /Магистр М. Золжаргал/
- Олон улсын сэтгүүлийн редакцийн зөвлөлийг дэмжих хөтөлбөр /Профессор Б. Баяртогтох/
- Судалгааны эко-тогтолцоог боловсронгуй болгох, эдийн засгийн болон эдийн засгийн бус үр нөлөөг тооцох /Профессор Б. Очирхуяг/
- Олон улсад оюуны өмчийг бүртгүүлэх оновчтой шийдэл, үнэлүүлэх аргачлал, механизм /Доктор Д. Лхагвасүрэн/
- Томсон Ройтерс, Томсон Инновейшн компанитай гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх /Доктор А. Сайнбаяр/.
Төслийн менежментийн багийн гишүүд болон дэд төслийн багийн гүйцэтгэх ажил, дэд төслүүд хоорондын уялдаа холбоо, гишүүдийн үүргийн талаар хоорондын ярилцлагыг өрнүүлж, цаашид төслийг амжилттай хэрэгжүүлэх төлөвлөгөө, арга замын талаар хэлэлцэв.