Дэлхийн байгаль хамгаалах холбооноос (IUCN) зохион байгуулсан “Төв Азийн мөлхөгчдийн улаан дансны үнэлгээ”-ний Олон улсын семинар ОХУ-ын Санкт Петербург хотноо, Оросын ШУА-ийн Амьтан судлалын хүрээлэнд 2016 оны 04 сарын 04-08-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Олон улсын энэ арга хэмжээнд IUCN, ОХУ, АНУ, Монгол, Казахстан, Туркменистан, Узбекистан, Киргизстан, Тажикстан, Афганистан зэрэг улс орны их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 40 шахам герпетологич эрдэмтэд хүрэлцэн ирж хуран чуулав. Тус арга хэмжээнд МУИС-ийн биологийн тэнхмийн профессор Х.Тэрбиш, МУБИС-ийн профессор Х.Мөнхбаяр, дэд профессор М.Мөнхбаатар нар оролцлоо.
Семинараар IUCN-ээс боловсруулсан Улаан дансны үнэлгээний ангилал, шалгуур үзүүлэлтийн дагуу Төв Азийн бүс нутагт тархсан 180 гаруй зүйлийн гүрвэл, могой тус бүрийн ангилал зүй, тархалт, амьдрах орчин, үржил хөгжил, амьдрахуйн зүйн онцлог, популяцийн тоо толгойн төлөв байдал, ховордлын шалтгааны талаарх судалгааны мэдээ баримтыг нягтлан хэлэлцэж, нарийвчилсан үнэлгээ өглөө. Энэ бол тус семинарын үндсэн үр дүн болно.
Төв Азийн бүс нутгийн улс орны эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээний ажлын ололт амжилт, үндсэн үр дүнгийн талаар харилцан мэдээлэл солилцож, цаашдын судалгааны зарим онцлог чиглэл, хамтарч ажиллах боломжийг хэлэлцсэн нь чухал ач холбогдолтой боллоо гэдгийг семинарт оролцогсод онцлон тэмдэглэв.
Төв Ази, Монголын хоёр нутагтан, мөлхөгч амьтдын судалгааг 50 гаруй жилийн турш үр бүтээлтэй эрхлэн гүйцэтгэж, бүс нутгийн амьтны аймгийн судалгаанд жинтэй хувь нэмэр оруулж байгаа МУБИС-ийн профессор Хорлоогийн Мөнхбаярын хөдөлмөр, бүтээл туурвилыг өндөөр үнэлж, ОХУ-ын ШУА-ийн А.М.Никольскийн нэрэмжит Герпетологийн нийгэмлэгийн хүндэт гишүүнээр 2015 оны 9-р сард сонгосон тухай батламжийг уг семинарын үед гардуулав.