“Мэргэжлийн ёс зүйн асуудал” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Share Button

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУТИС-ийн БУХС, МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Сургууль, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философийн салбар төгсөгчдийн холбоо хамтран 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дэлхийн Философийн өдрийг тохиолдуулан  “Мэргэжлийн ёс зүйн асуудал” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

МУИС нь 2014 оноос эхлэн жил бүр ёс зүйн асуудлаар уламжлал болгон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, ёс зүйн боловсролыг хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байгаа билээ. Тухайлбал, 2014 онд “Монгол дахь ёс зүйн сургалт, судалгааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр, 2015 онд “Монгол дахь ёс суртахууны боловсролын тулгамдсан асуудал” сэдвээр, 2016 онд “Монгол дахь ёс суртахууны боловсролын уламжлал, шинэчлэл” сэдвээр, 2017 онд “Хэрэглээний ёс зүйн асуудлууд” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан. Энэ жилийн хувьд 5 дахь жилдээ мэргэжлийн ёс зүйн асуудлаар хурлаа хийсэн юм.

Мэргэжлийн ёс зүй нь хувь хүний ёс суртахууны төлөвшлийг сайжруулах, мэргэжлийн ёс зүйг дээшлүүлэх, нийгмийн харилцааг боловсронгуй болгох, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.  Хүн төрөлхтний түүхийн бүхий л цаг үед улс орнууд, эрдэмтэн мэргэд мэргэжлийн ёс зүйн асуудалд онцгой анхаарсаар ирсэн билээ. Мэдлэгийн тогтолцоонд мэргэжлийн ёс зүй томоохон байр суурь эзэлдэг. Орчин үед дэлхий дахинд мэргэжлийн ёс зүйн асуудлаар сургалт, судалгааны ажил улам өргөн цар хүрээтэй болж байна. ЮНЕСКО-ийн зүгээс ч мэргэжлийн  ёс зүйн боловсрол бол зөвхөн хөдөлмөрийн зах зээлд орох бэлтгэл гэхээсээ илүү амьдралын үнэт зүйл, үнэ цэнийг авчирдаг зүйл болохыг онцолж байна.

Монгол улс дахь мэргэжлийн ёс зүйн сургалт, судалгааны ажлын ололт, дутагдлын талаар мэргэжлийн хүрээнд хэлэлцэж, шинэ тутам гарч ирж буй асуудлыг илрүүлэх, тодорхойлох, орчин цагийн монголын болон гадаад улс орны мэргэжлийн ёс зүйн сургалт, судалгааны үр дүнг толилуулах, энэ талаар  цаашид анхаарах асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор тус эрдэм шинжилгээний бага хурлыг хийж байгаа болно.

Энэ удаагийн хуралд мэргэжлийн ёс зүйн хөтөлбөрийн агуулга, заах арга зүйн асуудал, мэргэжлийн ёс зүйн судалгааны орчин үеийн асуудал гэсэн чиглэлээр МУИС, МУБИС, ШУТИС, ШУА-ийн Философийн хүрээлэн, АШУҮИС, СУИС, ХААИС, Ховд ИС, Архангай аймаг дахь Багшийн сургууль, Байгаль –Эх лицей  сургууль зэрэг олон сургуулийн эрдэмтэд, багш нар, залуу судлаачдын сонирхолтой илтгэлийг хэлэлцэж байна. Үүнд: профессор Р.Дарьхүү. Ч.Гаадмаа нар “Монгол улс дахь мэргэжлийн ёс зүйн сургалт, судалгааны өнөөгийн байдал”, доктор, профессор Д.Тунгалаг “Мэргэжлийн ба хэрэглээний ёс зүйн харилцан холбооны асуудалд”,  гавъяат багш, доктор, профессор Б.Галиндэв “Өнөөгийн иргэдийн ёс суртахууны асуудал”, доктор, профессор Т.Нэмэхжаргал, магистр Б.Батзаяа нар “Багш мэргэжлийн нэр хүнд ба олон нийтийн санаа бодол”,  доктор, дэд профессор Ц.Батцэрэн “Мэргэжлийн ёс зүй: Багшийн ёс зүйн код”, доктор, профессор Х.Дамдинжав, доктор Д.Оюунбилиг, доктор О.Болорсайхан, магистр Г.Надмидцэрэн нар “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны ёс зүй”,  доктор, профессор С.Батхуяг “Багш мэргэжлийн ёс суртахуун ба ёс зүйн өнөөгийн байдал”, академич Н.Баасанжав, доктор П.Пунсалдулам, магистр Б.Нарантунгалаг нар “Анагаах Ухааны Их Сургуулийн багшийн мэргэжлийн ёс зүйн байдлыг үнэлэх асуудал”, доктор, профессор Д.Бүрнээ “Орчуулагчийн ёс зүйг судлах асуудалд”,  доктор, дэд профессор С.Янжинсүрэн “Төрийн албаны нэр хүндэд хүний нөөцийн бодлого хөлөөлөх нь”, доктор, дэд  профессор  И.Лхам, магистр Г.Уянга нар “Боловсролын ёс зүй: Багш болон суралцагчдын харилцааны ёс суртахууны асуудалд”, доктор, дэд  профессор С.Базарпүрэв, докторант Б.Насанбат нар “Тогтвортой хөгжил ба ёс суртахууны хариуцлагын асуудал”, доктор, профессор Ж.Даваа, докторант Ж.Болормаа, магистр Р.Батчимэг нар “Их  сургуулийн багшийн ёс зүйн дүрмийн зарим хэм хэмжээг харьцуулан судалсан үр дүн, доктор Д.Оюунгэрэл “Зөвлөх мэргэжлийн ёс зүйн асуудалд”, доктор М.Анара “Ахисан түвшний сургалтад “Мэргэжлийн ёс зүй” судлах хэрэгцээ шаардлага”  зэрэг 36 илтгэл ирүүлсэн байна.  

Нийгэм хөгжихийн хэрээр мэргэжилтэнд тавигдах мэргэжлийн ёс суртахууны шаардлага нэмэгдэж байна.  Өнөөгийн монголын нийгэмд өндөр  мэдлэг, ур чадвар бүхий иргэн  шаардлагатай байгаагийн зэрэгцээ, үүрэг хариуцлагаа ухамсарласан, ёс суртахуунтай мэргэжилтэн түүнээс дутуугүй чухал юм. Мэргэжлийн ёс зүйг хөгжүүлэх нь ажил мэргэжлийн нэр хүнд, үнэ цэн, ёс суртахууны үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хөгжлийг хангахад ихээхэн ач холбогдолтой.

     

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар